Хосууд маргалдах үедээ бие бие рүүгээ хашхирах нь ДАРААХ сөрөг дагавартай

Урт хугацааны харилцаанд маргалдах, үл ойлголцох зүйлс гарах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ маргалдах үедээ бие бие рүүгээ орилж хашхирах нь сэтгэл зүйн хувьд ямар сөрөг үр дагавруудыг дагуулдгийг судлаачид олж тогтоожээ.

1. Сэтгэл гутралын шалтгаан болно

Маргааны үеэр хэн нэгэн рүүгээ хашхирах нь сэтгэл гутралд хүргэдэг хамгийн том шалтгаануудын нэг юм.

Хайртай хүн рүүгээ хашхирч, дуугаа өндөрсгөх тусам танд харилцаа тань  ямар ч авралгүй мэт санагдаж, харилцаанд гарсан асуудлуудыг засах боломжгүй мэтээр мэдрэгдэж эхэлдэг.

Энэ нь даамжирсаар үе үе гуниглах, амьдрал сонирхолгүй мэт санагдах, сэтгэл амархан түгших, анхаарал төвлөрөхөө болих гэх мэт сэтгэл гутралын анхдагч шинж тэмдгүүдийг дагуулдаг.

 

2. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал

Судалгаанаас үзэхэд маргааны үеэр хос руугаа дуугаа өндөрсгөж, хашхирч хэрэлддэг хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд гэмтэл үүсдэг байна. Үүнээс үүдэн сэтгэлийн түгшүүр, идэх эмгэг, нийгмийн харилцаанд орохоос зайлсхийх гэх мэт сэтгэлзүйн асуудлууд хөвөрдөг.

 

3. Айдас

Маргааны үеэр хашхирах нь цаашдаа эхнэр/нөхрөөсөө айдаг болох, сэтгэлзүйн хувьд дарамтад орох нөхцөлийг бүрдүүлдэг. Нэгэн цагт хайртай хүнээсээ мэдэрдэг байсан дулаахан мэдрэмжүүд үгүй болж харилцаанд тань хүйтэн, түгшүүртэй уур амьсгал зонхилж эхэлнэ.

Та хайртай хүнээсээ хэзээ ч айх ёсгүй ба харилцааг айдас эзэгнэх үед итгэлцэл, хүндлэл үгүй болдог. Хүндлэл, итгэлцэл байхгүй болсон харилцаа хэрхэвч эрүүл харилцаа байж чадахгүй.

 

4. Харилцаанд сэв сууна

Асуудлыг шийдэх гэж нэгэн рүүгээ хашхирснаараа хосууд тухайн асуудлаа бодитойгоос нь улам дэвэргэж байдаг.

Заримдаа хүмүүс үзэл бодлоо, байр сууриа хүчтэй илэрхийлэхдээ хамгийн чангаараа ярих ёстой гэж боддог. Үнэндээ орилж, дуугаа өндөрсгөх нь нөгөө хүнд тань таныг ойлгох боломж өгөх бус, захиргаадаж, албадаж буй мэт таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Өөрөө мэдрэхийг хүсдэггүй зүйлээ хайртай хүндээ ч хэзээ ч битгий мэдрүүлээрэй.

 

5. Хайр хөрнө

Судалгаанаас үзэхэд бие биен рүүгээ орилж хашхирах нь сэтгэл түгшлийг нэмэгдүүлж,  аюулын хуурамч түгшүүрийг тархинд өдөөдөг.  Өөрөөр хэлбэл та хэдий чинээ дуугаа өндөрсгөнө, төдий чинээ хамтрагчаа өөрт чинь аюул заналхийлж байна гэж ойлгох магадлалтай. Тархи тань хамтрагчаа аюултай хүнд тооцож эхэлмэгц хайр дурлалын мэдрэмж ч мөн замхарч эхэлнэ. Иймд маргааны үеэр хашхичих нь та хоёрын хайр сэтгэлийн нандин харилцааг сүйтгэдэг аж.

 

6. Орилж хашхирах нь стрессийн дааврыг өдөөдөг

Орилж хашхичих нь стрессийн дааврыг өдөөдөг ба үүний улмаас, толгой өвдөх, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд давхар үүсдэг байна.

 

7.Хүчирхийлэл

 

Орилж хашхирах нь үгэн болон сэтгэлзүйн хүчирхийллийн нэгэн хэлбэр юм.

Үүнд:

  • Танд нэр хоч өгөх
  • Орилж хашхирах
  • Заналхийлэх, захиргаадах зэрэг орно.
  •  Үгэн хүчирхийлэл үйлдэгдэх түгээмэл шалтгаан:
  • Маш их бухимдах
  • Согтуу/мансуурсан байх
  • Түгшүүртэй, стресстэй байх
  • Утсаар,  мессежээр эсвэл видео дуудлагаар залгаж,  хэл амаар доромжлох гэх мэт).

 

Бид инстинктээрээ хайртай хүнээ ямар ч буруу зүйл хийсэн сэтгэл дотроо өмөөрөх хандлагатай байдаг.

Харилцаанд хашхирах, хэл амаар доромжлох олон давтагдах тусам бид үүнд дасаж, харилцааны ердийн нэг хэсэг мэтээр хүлээн зөвшөөрөх магадлалтай  байдаг учир энэ бүхэн олон давтагдахаас өмнө арга хэмжээ авах хэрэгтэй.

 

8.Өөрийгөө хамааралгүй мэтээр итгэж эхэлнэ

 

Орилж хашхирч маргалдсанаар  өөрийн тань мэдрэмж, бодол санаа, хүсэл мөрөөдөл хамтрагчид тань хамаагүй юм байна гэж итгэж эхэлдэг байна.

Судалгаанаас үзэхэд хайртай хүндээ хэл амаар доромжлуулсны улмаас таны өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл буурч цаашлаад таны сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. 

 

9. Сэтгэл түгшилт

 

Орилж хашхичсанаас үүдэн сэтгэл түгших үзэгдэл их байдаг ба шинж тэмдэг нь: 

  • Зүрхний цохилт түргэсэх
  • Паникт орох буюу хэт их сандрах
  • Төвлөрч чадахгүй байх
  • Амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

10. Гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу PTSD

 

Маргалдах үедээ нэгэн рүүгээ орилж хашхирснаас үүдэн  гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) -тэй болох магадлал өндөр байдаг.

Гэмтлийн дараах стрессийн эмгэг нь аль нэг төрлийн хүчирхийлэлд өртсөний дараа эсвэл гэнэтийн цочролд орсны дараа үүсдэг эмгэг бөгөөд нойргүйдэх, үргэлж  уур уцаартай байх, амархан цочих, өөрийгөө гэмтээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тэгвэл хэрхэн орилж, хашхирахгүйгээр асуудлаа шийдэх вэ?

 

Маргалдахдаа орилж хашхирдаг зуршлаа хаямаар байвал дараах ЗӨВЛӨГӨӨГ дагаарай:

  • Хэлэлцэж буй сэдвийн талаар дуугаа өндөрсгөхгүйгээр эелдгээр ярьж сурах.
  • Аливаа асуудлын талаар хамтрагчтайгаа ярилцах тохиромжтой цагийг сонгох. (Ажлаасаа ядарч орж ирсэн үед нь маргалдахаас зайлсхийх)
  • Гол нь асуудлыг хэрхэн оновчтойгоор шийдэх талаараа ярилцах, хэн нэгнийгээ  аль болох буруутгахгүй байх.
  • Нэгнийхээ үгийг таслахгүй тэвчээрэй сонсох.
  • Уур тань хүрсэн, бухимдсан үед бус тайвширсныхаа дараа ярилцах