Тэврэлт нь стресс болон, цусны даралтыг бууруулдаг зэргээр эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан хэдийн баталсан билээ.
Гэвч тэврэлт нь сэтгэлзүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа ховор байдаг. Тэгвэл сэтгэл судлалын шинжлэх ухааны "Journal of Nonverbal Behavior" сэтгүүлд 2022 онд нийтлэгдсэн шинэ судалгаанд тэврэлт нь амьдралын сэтгэл ханамж, өдөр тутмын сэтгэл санааны байдалд хэрхэн нөлөөлөхийг болохыг харуулжээ.
Тус судалгаанд 94 сайн дурын хүн оролцсон бөгөөд судалгааны баг "Экологийн агшин зуурын үнэлгээ" хэмээх судалгааны аргыг хэрэглэн дараах 4 баримтыг боловсруулжээ:
1. Бямба гараг бол тэврэлтийн өдөр
Судалгаанд оролцогсод өдөрт дунджаар 6 удаа тэврэлдэж байсан ба хамгийн сонирхолтой нь долоо хоногийн аль өдөр байхаас хамаарч хүмүүсийн тэврэлдэх давтамж өөрчлөгдөж байжээ. Хүмүүс бямба гарагт хамгийн олон удаа тэврэлддэг бөгөөд (10 орчим) ням гарагт 9 удаа, даваа, мягмар, лхагва гарагуудад хамгийн бага (3-4 удаа) тэврэлддэг ажээ.
2. Шидэт тоо
Судалгааны багийнхан хүн өдөрт хэдэн хүн тэвэрдэг болохыг мөн судалсан бөгөөд хүмүүс өдөрт дунджаар дөрвөн хүнийг тэвэрдэг ажээ.
Мөн бямба, ням гарагт уг тоо нэмэгдэж байсан бөгөөд энэ нь амралтын өдрүүдээр л хүмүүс гэр бүл найз нөхөдтэйгөө уулзах нь түгээмэл байдагтай холбоотой.
3. Илүү их тэврэлт - Эерэг сэтгэл хөдлөл
Судалгааны баг тэврэлт ба сэтгэлзүйн байдал, зан чанар, ганцаардлын мэдрэмжийн хоорондын хамаарлыг судалжээ. Их тэврэлддэг хүмүүс сэтгэлзүйн хувьд харьцангуй тайван, эерэг хандлагатай байдаг ба бага тэврэлдэг хүмүүстэй харьцуулахад ганцаардлыг бага мэдэрдэг байна.
4. Ганц бие хүмүүст илүү хэрэгтэй
Хостой хүмүүсийн хувьд тэврэлт болон амьдралын сэтгэл ханамжийн хоорондын хамаарал бага байсан бол ганц бие хүмүүст энэ хамаарал хүчтэй байжээ. Тиймээс амьдралын сэтгэл ханамжийн үүднээс авч үзвэл тэврэлт нь ганц бие хүмүүст хостой хүмүүсээс илүү хэрэгцээтэй байдаг байна.