Мөнгөний асуудлаар хостойгоо хэрхэн ярилцаж сурах вэ?

Болзоон дээр мөнгө, улс төр, шашин шүтлэг гурвын талаар хэзээ ч бүү ярь гэсэн бичигдээгүй хууль бий. Гэвч харилцаа тань гүнзгийрэх тусам хостойгоо мөнгөний талаар ярих хэрэгцээ улан бүр нэмэгдэж байдаг.

Хэдий энэ талаар ярих дургүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам ярих шаардлага гарч эхэлнэ. Судалгаанаас үзэхэд гэр бүл салалтын хоёр дахь гол шалтгаан нь мөнгөний талаарх маргаанаас үүддэг байна. Сонирхуулахад, АНУ-ын “Northwestern Mutual” санхүүгийн компанийн гаргасан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 41 хувь нь санхүү, мөнгөтэй холбоотой асуудлаас үүдэн хостойгоо үл ойлголцдог гэжээ .

 

Мөнгөтэй холбоотой сөрөг сэтгэл хөдлөлүүд (ичгүүр, дарамт, өр ширнээс халшрах, айдас гэх мэт) нь хосуудын хувьд мөнгө, санхүүгийнхээ талаар нээлттэй ярилцахаас зайлсхийх шалтгаан болох нь бий. Тиймээс хамтрагчдаа хэцүү мэдрэмж төрүүлэхгүйгээр, мөн маргахгүйгээр мөнгөний талаар ярилцаж дадахад тань дараах зөвлөгөө танд туслах болно.

 

Алхам 1:  Нэг оройг сонгон зөвхөн мөнгө санхүүгийн талаар ярилцах уулзалт товло

 

Урьдчилан цаг товлож санхүүгийн асуудлынхаа талаар ярилцсанаар анхнаасаа ярих сэдэвтээ бэлтгэлтэй байх тул хэн хэнд тань амар байх бөгөөд сар бүр, эсвэл долоо хоног бүр

ийнхүү цаг гарган ярилцаж дадвал гэнэтийн хэрүүл маргаан, үл ойлголцол гарахаас сэргийлж чадах юм.

 

 

Алхам 2: Нээлттэй байж, хамтрагчаа ойлгохыг хичээ

 

Та хоёр өөр өөр гэр бүлд өсөж,ялгаатай амьдралыг туулсан тул санхүүгийн талаарх ойлголтууд тань мөн өөр байх нь тодорхой. Тиймээс мөнгө санхүүгийн талаарх хамтрагчийнхаа үзэл бодлыг нь тэвчээртэйгээр сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэхийг зөвлөж байна. Мөн нэг нэгнээсээ суралцаж, мэдэхгүй зүйлсээ харилцан суралцаж, үргэлж хамтдаа хөгжихийг хичээгээрэй.

 

 

Алхам 3: Тодорхой бай

 

Санхүүгийн талаар ярилцах нь таагүй дурсамж, өмнөх асуудлуудыг сөхөх шалтгаан болж магад. Тиймээс аль болох яриагаа зөвхөн одоогийн нөхцөл байдалдаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. Сонсохыг хүссэн зүйлээ асууж, хуваалцахыг хүсэхгүй байгаа зүйлийг нь яриулах гэж хүчлэхгүй нэгнийгээ ойлгож, харилцан буулт хийгээрэй.

 

 

Алхам 4: Зөв төлөвлөлт

 

Одооноос ирээдүйгээ төлөвлөж, төлөвлөсөн ирээдүйдээ зориулж хэрхэн хуримтлал үүсгэх тухайгаа ярилцаарай.

Хэрэв та болон таны хамтрагч өөр өөр санхүүгийн хэв маягтай (жишээ нь та үрэлгэн, харин хамтрагч тань мөнгө хадгалдаг) бол та хоёр мэргэжлийн санхүүгийн зөвлөхөөс зөвлөгөө авахад буруудахгүй. Тэд танай гэр бүлийн санхүүг зөв тийш нь удирдахад тусална. Санхүүгийн анхан шатны төлөвлөлт дараах гурван зүйлээс эхэлдэг: 1) яаралтай үед хэрэглэх мөнгөний хуримтлал үүсгэх 2) өрөө төлөх, 3) ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх.

 

 

Алхам 5: Хамтдаа хөгж

 

Хос хоёрын нэг нь санхүүгийн талаар мэдлэгтэй, нөгөө нь үгүй бол харилцаан дахь санхүүгийн эрх мэдэл,тэнцвэртэй байдал алдагдаж, харилцаанд асуудал гарах, итгэлцэл алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй.

Тиймээс хосуудын хэн хэн нь санхүүгийн тал дээр мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй болно. Хамтдаа санхүүгийн ном уншиж, подкаст сонсож эсвэл хувийн санхүүгийн сургалтад хамрагдаарай. Ингэснээр хамтрагчтайгаа мөнгөний талаар ярилцахад ч илүү амар болохын зэрэгцээ ижил  сонирхол, ижил зорилготой болоход тань түлхэц болно.