Т.Намжил: Гэр бүлийн утга учир, үнэ цэнийг ойлгосон хүн л гэр бүлээ хайрлаж, хамгаалж чадна
Нийтлэлч: Familycenter.mn

Familycenter.mn  сайт “Мэргэжилтний ярилцлага” цувралын энэ удаагийн зочноор гэр бүл судлаач, шинжлэх ухааны  доктор, профессор Т.Намжилыг урьж ярилцлаа. Монгол гэр бүл судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг тэрбээр их дээд сургуульд 40 шахам жил багшилж, “Монгол гэр бүл” цувралаар 15 бүтээл хэвлүүлсэн юм.

- Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. Орчин үед залуус ганц бие амьдрахыг илүүд үзэх болсон юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Гэр бүл зохиох, эс зохиох нь хувь хүний эрхийн асуудал. Маслоугийн хэрэгцээний шатлалын онол нь хүний хэрэгцээг таван шатлалд оруулан пирамид хэлбэрээр гаргасан байдаг. Шатлалыг нэрлэвэл: физиологийн хэрэгцээ (хоол хүнс), аюулгүй байдлын хэрэгцээ (орон байр), нийгмийн (хамт олон, гэр бүл, хайр сэтгэлийн) хэрэгцээ, өөртөө итгэх итгэл тэгээд өөрийгөө олох хэрэгцээ багтана.

Пирамидын доод талын хэрэгцээг хангаснаар дээд талын шатлал руу ордог. Гэхдээ энэ нь заавал 100 хувь хангаж байж дээд талын хэрэгцээ рүү орно гэсэн үг биш юм. Гэр бүл зохиох, гэр бүлтэй байх нь хүний хүний сэтгэл зүйн, нийгмийн хэрэгцээг хангаж өгдөг. Гэр бүл гэдэг ямар ч үед дэргэд чинь байх, аз жаргал зовлон бэрхшээлийн алийг ч хамтдаа туулах тэр хүмүүсийг хэлнэ. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгох нь их чухал шүү.

- Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?

Гэр бүл гэж юу вэ, хамтран амьдарна гэж юу вэ, эхнэр эсвэл нөхөртэй болсноор цаашдаа яах вэ гэдгээ эхлээд ойлгож ухаарч эргэцүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй шууд л амьдран суугаад, тэврэлдээд хэвтэхийг л гэр бүл зохиож байна, хамтраад амьдарч байна гэж бодож болохгүй. Гэр бүлийн утга учрыг ойлгосон хүн л гэр бүлийнхээ үнэ цэнийг хамгаалж, хайрлаж чадна шүү дээ. 

Гэр бүлийн үнэ цэнэ гэдэгт тухайн хүн, амьдарч буй нийгэм, хүрээллээс хамаараад олон зүйл багтана. Тиймээс өөр, өөрсдөө энэ талаар эргэцүүлж, ухамсарлах нь чухал. Монгол Улсын хэмжээнд нийтээрээ хүлээн зөвшөөрч хүндэтгэн, эрхэмлэн дагадаг, хэрэгжүүлдэг гэр бүлийн үнэт зүйлүүд юу байна вэ гээд аваад үзье. Тухайлбал, гэр бүлийн үнэ цэнэ гэдэгт нэг нэгнийхээ хайрыг эрхэмлэж, хамгаалж, хадгалж явах, гэр бүлийн гишүүд хоорондоо эвтэй найртай байх, бие биеэ хүндэтгэх, хүнд хэцүү цаг мөч, үед нь хоёргүй сэтгэлээр дэмжих, туслах зэрэг орно.

- Гэр бүл зохиохоосоо өмнө ямар бэлтгэл хангасан байх хэрэгтэй вэ? Гэр бүл зохиоход тохиромжтой нас гэж байдаг уу?

- “Хоёр талаасаа нэг нэг чемодантай ирээд л амьдралаа хамтдаа босгосон” хэмээн та нарын эмээ өвөө, аав ээж дээд үеийнхэн ярьж байсныг сонссон л байх. Хүмүүс хамтдаа амьдаръя, гэр бүл зохиоё, нэг нэгэндээ хань бараа болж өмөг түшиг болж явъя гэхэд сэтгэл байх нь чухал. Тэрнээс машин тэрэг байр дараагийн асуудал. Дараагийн асуудал гэдэг нь “хамаагүй” гэсэн үг биш. Хамгийн чухал нь хайр сэтгэл, өөрсдөдөө итгэх итгэл, гэр бүл зохиох сэтгэл зүйн бэлтгэл л чухал. Түүнээс эдийн засгийн боломжоо бүрдүүлээд, сэтгэл зүйн бэлтгэлээ бүрэн хангаад бүх юмыг төгс болгоод одоо нэг юм гэр бүл зохиоё гэвэл амьдралд хоцрох байх л гэж бодож байна.

- Тэгвэл хүүхэдтэй болоход зөв цаг гэж байдаг уу?

Хүүхэдтэй болоход тохиромжтой нас гэж бий. Нөхөн үржихүй гэдэг нь гэр бүл төлөвлөлтийн нэг хэсэг. Хүүхдээ хэзээ төрүүлэх вэ, хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ гэдгээ төлөвлөх нь гэр бүл төлөвлөлтийн чухал асуудал. Монголчуудын уламжлалаар 18-25 насыг гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болоход тохиромжтой гэж үздэг. Гэхдээ нийгэм хөгжиж, хүмүүсийн насжилт уртассан зэргээс шалтгаалж гэрлэлтийн нас хойшлогдсон, хүүхэд төрүүлэх нас өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж буй. Энэ буруу биш. Гэхдээ хүний эрчимтэй үе 25 нас хүртэл байгаад тэрнээс хойш тодорхой хэмжээгээр буурдаг. Өөрийнхөө эрчимтэй, залуу насанд үр хүүхэдтэй болоод, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь буруудахгүй.

- Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо огцом нэмэгдэж байна гэж их ярих боллоо. Гэр бүл салалт юунаас үүсдэг вэ?

- Анхнаасаа гэр бүл зохиохдоо нэг нэгнийгээ зөв таньж мэдэж хүлээлтээ бодитоор тодорхойлох хэрэгтэй. Хүнийг хэрхэн хайрлах вэ, хайрлуулах вэ, гэр бүлийн хүнээ яаж хүндлэх вэ, хүндлүүлэх вэ гээд бүх зүйл дээр зөв мэдээлэлтэй болж, ач холбогдол өгч танилцаж суралцаж сэтгэл зүйгээ гэр бүл болоход бэлдэх хэрэгтэй. Орчин үед романтик хайр дурлал их байна. Хэт сайхнаар амьдралыг төсөөлж, нэг нэгэндээ өндөр хүлээлттэйгээр ханддаг. Амьдраад хамт байгаад ирэхээрээ нөгөө хүнийхээ зан чанар, сэтгэлийг таньж мэдээд алдаа дутагдлыг нь олж харна. Амьдралд ч олон гачигдал дутагдал гарна. Ингээд анх төсөөлж байсан сайхан зүйл нь үгүй болж замхарна.  Хүнийг таних хэцүү гэж хэлж магадгүй ч ажиглаж, анхаараад, шинжээд үзвэл байр байдал нь мэдэгдэнэ шүү дээ. Залуучуудын хувьд 20 гаран насандаа хайр дурлалдаа хэт автаад, алдаа дутагдлыг нь олж харалгүйгээр яаран дэр нийлүүлэх асуудал үүсдэг. Тиймээс хүнийг танихын тулд эхлээд үерхэж үзэх хэрэгтэй. Дараа нь тодорхой хугацаанд хамтран амьдарч үзэж болно. Үүний дараа гэр бүл төлөвлөх үү, үр хүүхэдтэй болох уу зэрэг асуудлыг ярилцахад оройтохгүй. Харилцаа бол хүний дотоод сэтгэлээс урган гардаг зүйл. Гэр бүл салалтыг бууруулахын тулд анхнаасаа л гэр бүл төлөвлөлтийг зөв хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!