Гэр бүлд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг familycenter.mn сайт энэ удаагийн мэргэжилтний ярилцлага цувралын зочноор Хүчирхийллийн эсрэг төвийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, хуульч өмгөөлөгч Н.Арвинтариаг урьж ярилцлаа.
- Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хэн нэгэнд хамаатан садан, найз нөхөд нь “хүчирхийлэгчээс салаач” гэж хэлэх нь амархан. Гэтэл нэг тогооноос хооллож, нэг гэрт амьдарч итгэл сэтгэлээрээ холбогдсон хүмүүст “салалт” тийм ч амархан байдаггүй. Тэгэхээр мэргэжилтний зүгээс хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст хамгийн түрүүнд ямар үйлдэл хийх хэрэгтэй гэж та зөвлөх вэ?
- Гэр бүлийн хүчирхийлэл дөрвөн төрөл байдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл гэсэн төрөлтэй. Хүчирхийлэлд өртсөн хүний хувьд амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах нь хамгийн түрүүнд гарч ирдэг асуудал. Зарим хохирогчийн хувьд анхан шатны зөвлөгөө, мэдээлэл аваад л явъя гэж холбогдох тохиолдол байдаг. Гэтэл тэр хүмүүс дотор амь насанд нь аюул учирсан, ноцтой нөхцөл байдалд орсон, өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж энэ нь давтагддаг болсон тохиолдол цөөнгүй. Тиймээс хүмүүс хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг таньж мэддэг, өөрийгөө хамгаалдаг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй.
Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийллийн онцлог, мөн чанар нь ойр дотнын хамаарал бүхий хүмүүсийн хооронд өрнөдөг, байнгын давтамжтай, тогтмол үйлдэгддэг болсон байдаг. Тийм ч учраас хохирогч өөрөө тусламж дэмжлэг авч асуудлыг бие даан шийдвэрлэх боломж бага. Энэ нөхцөлд эргэн тойрны найз нөхөд, хамаатан садан, гэр бүл найз нөхөд нь хүчирхийллийг таслан зогсооход нь туслах “үүрэгтэй”.
Мөн хохирогчид өөрсдөө хүчирхийллийн эсрэг мэргэжлийн байгууллагуудад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх, нээлттэй ярилцахаас ичдэг, эмээдэг, айдаг, эргэлздэг. Энэ байгууллагууд намайг ойлгох болов уу, намайг шоолох болов уу, миний нууцыг хамгаалах болов уу гэсэн асуултуудтай тулгардаг. Хүчирхийллийн эсрэг байгууллагуудыг, мэргэжилтнүүдийг тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэж чин сэтгэлээсээ харьцдаг байгаасай гэж хүсдэг. Манай байгууллагын хувьд сэтгэл зүйч, хуульч нар хүлээн авч нөхцөл байдлын үнэлгээг хийж хамтдаа төлөвлөгөө боловсруулдаг. Хүчирхийллийн талаарх хувийн мэдээллүүд чанд нууцлагддаг. Тиймээс хүчирхийлэлд өртөж байгаа, хүчирхийллийн хохирогч болсон хэн ч өөртөө итгэлтэй байж, энэ эргэлзээ тээнэгэлзлээ даван туулж мэргэжлийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Таны нууцыг чандлан хадгалж, хүчирхийллийг даван туулахад шаардлагатай хууль эрх зүй, сэтгэл зүй, эдийн засаг, эрүүл мэндийн гээд бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой мэргэжлийн байгууллагууд бий. Хэрвээ хүчирхийллийн нөхцөл байдал амь нас, эрүүл мэндэд аюултай бол хохирогчийг хамгаалах байраар хангаж аюулгүй байдлыг хангадаг.
- Хүчирхийлэл ямар нөхцөлд илүү ихээр гарч байна гэж та харж байна вэ?
- Хүчирхийллийг боловсролгүй эсвэл ядуу, согтуу, сэтгэцийн өвчтэй хүмүүс л үйлддэг гэж хүмүүс ташаа бодох нь түгээмэл. Гэтэл бодит байдал дээрээ хүчирхийлэл боловсролтой, боловсролгүй, эрүүл, согтуу, баян, ядуу, хөгшин, залуу ямар ч хэм хэмжээ хамаарахгүйгээр үйлдэгдэж байна. Тиймээс хэн ч хүчирхийлэлд өртөж, хэн ч хүчирхийлэл үйлдэж байж магадгүй гэсэн үг. Нас хүйс, нийгмийн давхарга харгалзахгүй бүх түвшинд хүчирхийлэл бидний дунд оршсоор байна. Тиймээс хэн ч хүчирхийлэлд өртөж байгаагаасаа ичих хэрэггүй. Энэ таны баян, ядуу, боловсролтой, боловсролгүйгээс хамаарсан зүйл биш. Ямар ч нөхцөлд хохирогч буруутан биш.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд батлагдсан. Хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн гишүүдийн хамрах хүрээг илүү өргөнөөр багтаасан. Өмнө нь хамтран амьдрагч нь гэр бүлийн гишүүнд хамаардаггүй байсан учраас гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах “эрхгүй” байсан. Эсвэл салсны дараах хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан. Шинэчилсэн хуулийн ачаар үрчилж авсан, үрлэгдсэн, хамтран амьдарсан, салсан гэр бүлийн хүмүүс нь гэр бүлийн хүчирхийллээс хуулийн дагуу хамгаалагдах эрхтэй болсон. Хүчирхийллийг “салалт”-аар шийдэж болно гэж боддог ч салсны дараах хүчирхийлэл илүү аюултай, ноцтой байх тохиолдол бий. Заналхийлнэ, мөрдөнө, мөшгөнө. Тиймээс салсны дараа хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс ч мэргэжлийн байгууллагад хандах боломжтой.
- Хүчирхийллийг таслан зогсоохын тулд бусдаас ичиж, эмээхгүйгээр мэргэжлийн хүмүүс, хуулийн байгууллагаас тусламж аваарай гэлээ. Хуулийн хүрээнд хохирогч яаж эрхээ хамгаалуулж чадах вэ гэдэг талаар мэдээлэл өгч болох уу?
- Манай төвд хандаад ороод ирлээ гэхэд хамгийн түрүүнд зөвлөх нар тухайн хүнд үйлчилнэ. Зөвлөгч нар тухайн хүнд ямар хэрэгцээ, шаардлага байна вэ гэдгийг тодруулан, баримтжуулж, бүртгэл тэмдэглэгээ хийдэг. Энэ бүх мэдээлэл байгууллагын болон хувийн нууц болон хадгалагддаг. Байгууллагын болон хувь хүний нууцыг тараах, өөр зорилгоор ашиглах эрх хэнд ч байхгүй. Хохирогчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулсан байвал нууц задруулсан хэмээн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс нууцлал нь хуулиар хамгаалагдсан гэж үзэж болно. Мөн хохирогчтой ярилцаж, зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, ямар учраас даамжирдаг вэ, энэ бүхний хор хөнөөл үр дагавар нь юу вэ, хэрхэн даван туулах вэ талаар тайлбарлаж өгдөг. Хохирогч хүчирхийллийн талаар мэдлэг мэдээлэл, ойлголтгүй байх боломжтой. Бие махбодын хүчирхийлэлд юу хамаарагддаг, сэтгэл зүй, эдийн засгийн хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг ч ялгахгүй байх тохиолдол олон бий. “Аяга аваад шидсэн. Намайг оноогүй учраас хүчирхийлэл биш байх”, “Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа болохоор мөнгөгүй. Тиймээс нөхрөөсөө гуйх нь, нөхөр уурлаж дургүйцэх нь зөв байх” гэсэн эргэлзээ тээнэгэлзэл, хэвшмэл ойлголтоос болж хохирогч өөрийгөө буруутгаад өнгөрөх тохиолдол түгээмэл. Хүчирхийллийг тэр бүр ялгаж таньдаггүй учраас хохирогч ямар нэгэн зүйл буруу байна гэсэн мэдрэмж хүчтэй төрсөн үедээ ирж тусламж аваад, ойлгодог. Тиймээс хүмүүс ямар нэгэн зүйл буруу байна гэж мэдэрсэн үедээ ч ирээд зөвлөгөө мэдээлэл авч болно. Нөгөө талаар хүчирхийлэл гэж юу вэ, ямар үед хүчирхийлэл гэж тодорхойлох вэ гэдэг талаар ойлголт, мэдлэгтэй болж энэ талаар судалж мэдэх шаардлагатай. Бие махбодод гэмтэл учруулсан эсвэл гэмтэл учруулах оролдлого хийсэн л бол хүчирхийлэлд тооцогддог. Таныг үр хэлээх доромжлох, дайрах, тайван бус байдалд оруулах, үргэлж түгшүүр мэдрүүлэх, сэтгэл санааны амар тайван бус нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь сэтгэл санааны хүчирхийлэлд тооцогддог. Олон нийт хүчирхийллийн талаар анхан шатны ойлголтгүй, мэдээлэлгүй байгаагаас хүчирхийлэл даамжирч, давтагдаж, хүнд хэлбэртээ шилжиж байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нэг нэгнийхээ амь насанд хүрэх, гэмтээж бэртээх, салалтад хүрсэн үед л илэрч байна. Тиймээс хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх шаардлагатай. Салалт өмчлөх эрхийн асуудал, үр хүүхдийн асуудлаас эхлээд олон асуудлыг дагуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн хувь хүний асуудал биш нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал учраас гэмт хэрэг, байж болшгүй зүйл гэж үзэж, хүлээн зөвшөөрөөд 170 гаруй улс орон гэр бүлийн хүчирхийллийг хуульдаа тусгаж өгсөн байдаг.
- Хэрхэн хуулийн хүрээнд хүчирхийллийг таслан зогсоох боломжтой вэ. Монгол Улсын хуульд ийм боломж байгаа юу?
- Манай төвийн хувьд хохирогчийн саналыг хамгийн түрүүнд сонсож, харгалзан үздэг. Түүнээс сал, нийл тэг, ингэ гэж тулгадаггүй. Тухайн хүнд шаардлагатай мэдээллүүдийг өгнө. Хууль эрх зүй, эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтойг танилцуулна. Тухайн хүн өөрөө шийдвэрээ гаргана. Хохирогч салалтад бэлэн биш байж болно. Тиймээс боломжийг, сонголтыг хохирогчид үлдээдэг. Хэрвээ тэр хүн гэртээ буцаж очих шаардлагатай гэж үзвэл аюулгүйн төлөвлөгөөг нь хамт боловсруулдаг. Машины түлхүүрээ хаана байршуулах вэ, хүчирхийллийн үйлдэл гарах юм бол ямар арга хэмжээ авах вэ, бичиг баримтуудаа хаана хадгалах вэ гэх мэт. Хүчирхийллийн харилцаанаас зугтах гэж оролдох үед хүчирхийлэгч хүүхдээр барьцаалах, бичиг баримтыг нь нуух, сүрдүүлэх тохиолдол ч гардаг. Хэрвээ тийм зүйл тохиолдвол хаана хандах вэ, ямар боломж гаргалгаа байгаа вэ гэдгийг хамтдаа тодорхойлдог. Мөн шаардлагатай нөхцөлд түр хамгаалах байранд байлгадаг. Манай байгууллагын хувьд түр хамгаалах байр нь 7 хоногоос 90 хоног хүртэл хугацаанд байрлуулдаг. Энэ хугацаанд тухайн хүний амь насанд учрах эрсдэл буурсан эсэх, тухайн хүн ямар шийдвэр гаргасан эсэхээс хамаарч арга хэмжээнүүдийг аваад явна. Гэр бүлээ цуцлуулна гэж шийдвэр шаардлагатай материалуудыг бүрдүүлээд шүүхэд нэхэмжлэл өгөхөөс эхлээд хуулийн үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Хохирогчдын дунд нэхэмжлэл түрүүлж гаргасан тал нь бурууддаг гэсэн ташаа ойлголт өндөр байдаг. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахаас болгоомжилдог. Угтаа нэхэмжлэл түрүүлж гаргаж байгаа хүн бурууддаггүй. Хэн ч шүүхэд өөрийн эрхээ хамгаалуулахаар хандаж болно. Мөн гэрлэлтээ цуцлуулснаар хүүхдээ алдчихна гэдэг айдас бий. Энэ нөхцөлд хохирогч нотлох баримтуудаа маш сайн бүрдүүлж шүүхэд өгснөөр үнэхээр хүчирхийллийн харилцаатай байсан бол хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хүүхдийн асрамж тогтоохгүй байх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүний дараа эд хөрөнгөө алдах вий гэдэг айдас байдаг. Энэ нөхцөлд эд хөрөнгөө нотолж чадах юм бол шүүхээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваарилуулах боломж үүсдэг.
Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахад эвлэрүүлэн зуучлалаар заавал орох шаардлагатай байдаг гэж хүмүүс боддог ч гэр бүлийн хүчирхийллийн харилцаатай гэдгээ нотолбол заавал эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авах шаардлагагүй байдаг.
Гэр бүлийн тухай хуульд хүүхэд нэг нас хүрээгүй, эхнэр нь жирэмсэн, хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдол гэрлэлт цуцлахыг хориглодгийг хохирогч нар их буруугаар боддог. Энэ нь хүчирхийллийн харилцаатай эмэгтэйчүүдэд асуудал дагуулдаг. Гэвч хүчирхийллийн харилцаатай тохиолдолд Үндсэн хуулиар хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг хуульд заасан эрхүүдийг ноцтой зөрчиж байна гэж үзэн шийдвэрлэх боломжтой. Тиймээс шүүхэд хандах эрх бүрэн нээлттэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа гэж үзэх юм бол тухайн хүчирхийлэгчид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулах боломж бий. Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулдаг. Энэ сургалт нь гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, зөрчилдөх нөхцөл бүрдвэл асуудлыг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ гэдэг талаар зааж өгдөг. Албадан сургалт нь хувь хүнд тодорхой хэмжээний ойлголт өгдөг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв тус сургалтад хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдагсад сургалт маш үр нөлөөтэй байсан гэж дүгнэсэн. Бид хэзээ ч гэр бүлтэйгээ яаж харилцах вэ, яаж эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх вэ, яагаад хүний эрхийг зөрчиж болохгүй вэ, гэр бүлтэйгээ хэрхэн зөв харилцах вэ талаар сургалт өмнө нь авч байгаагүй гэж олон хүн хэлж байсан. Мөн хохирогч нар ч сургалт үр дүн өгсөн талаар байр сууриудаа илэрхийлж байсан. Тиймээс хүчирхийллийг таслан зогсоохын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудад хандах, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах арга хэмжээ авах нь бодит үр дүнтэй юм шүү гэдгийг хэлмээр байна.
- Хохирогч хүчирхийллийг таслан зогсоох, даван туулах боломж хуулийн хүрээнд байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр хүчирхийлэл үйлдээд түүнийгээ буруу гэж бодож байгаач дадал, хэвшил, үйлдлээ удирдаж чадахгүй байгаа хүмүүс өөрсдийгөө засъя, өөрчилье гэж бодвол ямар арга хэмжээ авч болох талаар та мэдээлэл өгч болох уу?
- Хүчирхийллийн харилцаа буруу гэдгийг мэдээд байгаа ч хүчирхийлэл үйлдээд байгаа бол хүчирхийлэгч өөрөө өөрийгөө таньж ойлгох нь л их чухал. Ярилцаж чаддаггүй, ярилцахаараа муудалцчихдаг, нэг нэгнийхээ яриаг сонсдоггүй нөхцөл байдлаас үүдээд хүчирхийлэл үйлдчихээд байх юм гэж манай төвд хүмүүс их ханддаг. Түүнээс архинаас боллоо, ядуурлаас боллоо гэдэг зөвхөн нэг тал. Үүний цаана байгаа хуримтлагдсан бухимдал, үл ойлголцлыг олж харж, түүнийг шийдэх арга замыг эрж хайх нь чухал үр дүнтэй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүчирхийлэл үйлдээд байгаа хүчирхийлэгч ч, хохирогч ч аль аль нь хандаж мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах бүрэн боломжтой, нээлттэй.
- Танай төвд эрэгтэй хүмүүс хэр их ханддаг вэ?
- Манай байгууллагад хандаж байгаа хүмүүсийн 25-30 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эрчүүд болон ахмад настнуудын хувьд эдийн засгийн хүчирхийлэлд их өртөж байна. Мөн сэтгэл санааны хүчирхийлэлд их өртдөг. Сэтгэл зүйн хүчирхийллийн нотлох баримтыг сайн цуглуулж, баримтжуулснаар шүүх дээр ялах боломжтой. Одоогоор Монголд тийм жишиг алга байна.
- Хохирогч түр хамгаалах байранд хандлаа гэхэд үйлчилгээ авах процесс нь ямар вэ. Тайлбарлаж өгч болох уу?
- Энэ талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг. Тухайн орон орон нутгийн хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гаралтын байдлыг харгалзан авч үзээд түр хамгаалах байрыг байгуулж болно гэж заасан байдаг. Энэ заалтыг харгалзан үзээд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 30 гаруй нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрууд ажиллаж байна. Нэг цэгийн үйлчилгээний төв гэж юу вэ гэхээр хохирогч 7- цагийн хугацаанд байрлаад тэндээс анхан шатны эрүүл мэндийн, сэтгэл зүйн, хуулийн, нийгмийн халамжийн, боловсролын үйлчилгээ авах боломжтой. Нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулаад хохирогчийн эрсдэл буурахгүй бол дараагийн шатны үйлчилгээ буюу түр хамгаалах төвд байрлуулдаг. Түр хамгаалах төв нь 7-30 хоног байрлуулдаг. Энэ хугацаанд аюулгүй нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Өмгөөллийн, эрүүл мэндийн, боловсролын гээд шаардлагатай бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Тухайн үйлчлүүлэгчийн амьдарч буй харьяаллын хамтарсан багтай уулзалт хийж, нөхцөл байдлыг үнэлгээ, аюулгүй байдлыг үнэлгээг хийж төлөвлөгөөг боловсруулдаг. Үйлчилгээ дуусан ч цааш үзүүлэх үйлчилгээнүүдийг төлөвлөн хамтарсан багт хүлээлгэн өгдөг. Нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрууд нь харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Тиймээс хаана ч хандаж болно гэсэн үг.
- Хүчирхийлэлд өртсөн хохирогч санхүүгийн хувьд боломжгүй нөхцөлд ямар арга хэмжээ авдаг вэ. Нийгэмд байр сууриа эзэлж, хэвийн амьдралдаа шилжихэд нь яаж тусалдаг вэ?
- Амь тэмцэн өмссөн хувцастайгаа л “хөөгдөж” гарч ирэх тохиолдол цөөнгүй. Хуулийн хүрээнд дээрх бүх үйлчилгээ хүчирхийлэлд өртсөн хохирогчид үнэ төлбөргүй. Мөн нийгэмшүүлэх олон төрлийн арга хэмжээг авдаг. Манай байгууллагын хувьд 2020-2022 оны хооронд долоон хүнийг гэртэй болгож өгсөн. Гэртээ удаан хугацаанд хүүхдээ харж байсан эмэгтэйчүүдийн хувьд мэргэжил эзэмших нь их чухал байдаг. Мэргэжилтэй ч чадавхгүй болсон байх нь түгээмэл. Тиймээс ажил мэргэжилтэй болгох, мэргэшүүлэх арга хэмжээ авдаг. Гэр бэлдээд өгөхөөсөө илүү эдийн засгийн эх үүсвэрийг баттай болгоод өгвөл буцаад хүчирхийлэгч рүү татагдах нь бага байдаг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн маань хувьд жижигхэн оёдол, гар урлалын цехтэй болсон. Даван туулагчид маань эндээ дадлагажаад өөрсдөө тодорхой хэмжээний орлого олох боломжтой байдаг. Зарим байгууллагууд бидэнтэй хамтарч ажилчдынхаа хувцсыг оёулдаг. Үүнээсээ даван туулагчид маань цалинжаад, орлоготой болохоороо бие дааж амьдрах боломж нь бүрдээд, урам зориг авдаг.
- Бидэнтэй ярилцаж хүчирхийллийн эсрэг ажилласан 20 орчим жилийнхээ туршлага, мэдлэгээс хуваалцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.