Эгэл түүх: А. Намуундалай
Нийтлэлч: Familycenter.mn

Хүсэл мөрөөдөлд минь хүндэтгэлтэй ханддаг аав ээждээ баярладаг

 

Би багаасаа жүдо бөхөөр хичээллэсэн. Тамирчин. Олон улсын тэмцээн уралдаанд оролцож, эрчимтэй бэлтгэл хийдэг байсан учраас есдүгээр ангиасаа хойш хичээлдээ анхаараагүй. Мөн COVID- 19 гарснаас болоод сурагч гэдгээ, сургуульд явдаг гэдгээ мартахаа дөхсөн. Тэгж явсаар байгаад ЭЕШ өгөх хавар болж сургууль дээрээ цуглараад бичиг баримтуудаа бүрдүүлсэн юм. Тэр үед төгсөх ангийн сурагчид багш нартайгаа бөөнөөрөө тойрч суугаад ямар сургуульд орох талаараа, ямар мэргэжилтэй болмоор байгаа талаараа ярилцсан. Миний хувьд тэр үед л анх удаа сургуулийн хүүхдүүд, ангийнхантайгаа тийм удаан сууж ярилцсан байх. Хүүхдүүд ээлж, ээлжээрээ ярьсаар миний ярих ээлж болоход “МУИС-ын Утга зохиолын ангид орно” гээд өөртөө итгэлтэйгээр хэлэхэд манай ангийн гурван охин шоолж инээж байсан. Хэдийгээр багаасаа спортоор хичээллэсэн ч аль есдүгээр ангиасаа хойш утга зохиолын ангид орно гээд шийдчихсэн, төлөвлөчихсөн байсан. Намайг мэддэггүй хүмүүсийн хувьд бол “энэ Намуунаа спортоос өөр юм чаддаггүй байж юун утга зохиол” гэхээр нөхцөл байдал мөн л байх. Хичээлдээ ч явдаггүй, ном дэвтэр барьж харагддаггүй, зааланд хөлсөө гоожуулаад л бэлтгэл хийж байдаг охины хувьд биеийн тамирын сургуульд орох нь илүү зөв гэж хүн бүр бодож, зөвлөж байсан. Гэвч хэн нэгнийг бүрэн мэдэхгүй, танихгүй байж хүсэл эрмэлзэл, мөрөөдлийг нь бүтэшгүй мэтээр хүлээн авч, шоолох нь тийм ч зөв зүйл биш юм шиг санагдсан. Хүн өөрийн хүсэлдээ заавал тайлбар тавих албагүй шүү дээ. Хэн ч юу ч гэж байсан хүссэнээ л хийх хэрэгтэй. Мөн хүслээ таньж, түүгээрээ амьдрахад гэр бүлийн дэмжлэг маш чухал юм шиг санагддаг. Би сэтгэл зүйн хувьд тийм ч хүчтэй хүн биш. Гэр бүлийнхэнтэйгээ болсон бүх үйл явдал, төрсөн мэдрэмжээ чөлөөтэй ярилцаж зөвлөмж, туслалцаа авдаг. Хүмүүс ийм үг хэлж, ийм үйлдэл хийсэн нь намайг эргэлзэхэд хүргэж байна гэх мэтээр нээлттэй ярилцдаг. Гэхдээ бүх асуудлаа ээж, аавдаа хэлсэн ч тэд миний хувийн орон зайд халдаж, шийдвэрийг минь өөрчлөх гэж оролддоггүй. Миний хэлсэн зүйлийг миний эсрэг ашиглах биш анхааралтай сонсож юу хүсэж байгааг минь асуудаг. Тэгээд миний талд байхаа, миний хүсэл мөрөөдлийн төлөө туслахад бэлэн байгаагаа үргэлж хэлдэг. Тиймээс хэн ч юу гэж ч шүүмжилсэн, шоолсон өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө хүсэл сонирхолд хүндэтгэлтэй хандах хүчийг гэр бүл минь надад өгсөн. Намайг бага байхад л шүлэг бичих дуртайг минь олж хараад аав, ээж маань их дэмжиж, бичсэн шүлгүүдийг маань түүвэрлээд жаазалж өгч байсан. Одоо бодоход хүүхэд байхад хамаатан саднаараа цуглараад баяр ёслол хийх үеэр алив шүлгээ уншаарай гээд багахан хэмжээний тоглолт зохион байгуулалт бүгдээрээ анхааралтай сонсож алга ташдаг байлаа. Ингээд л надад эргэлзэх зүйл байхгүйгээр би зөвхөн нийгэм, монгол хэлээрээ шалгалт өгөөд ганцхан МУИС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарт бүртгүүлээд мэргэжлээ сонгоод элссэн. Аав, ээжээс маань бусад хүмүүс “хүүе эрэлттэй мэргэжлээр суралц”, “утга зохиолоор төгсөөд ажил олдох юм уу”, “гадагшаа явж сурахгүй”, “спортоороо явбал ирээдүйтэй биш үү” гэх мэтээр хэлж байсан ч би сонсоогүй ээ. Бусдад биш өөртөө таалагдаж амьдрах нь л жинхэнэ амьдрал. Одоо дуртай зүйлээ, хүссэн зүйлээ хийж байгаа учраас оюутны жилүүд маань илүү жаргалтай өнгөрч байна. Харин зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэж авч үздэггүй юм шиг санагддаг. Дургүй мэргэжлээр нь суралцуулах, хүсээгүй зүйлд нь хүчлэх гэх мэтээр өөрөөс нь өөр байлгах гэж хичээгээд загасыг модонд авируулах гэж оролдсоор хүүхдээ аз жаргалгүй нэгэн болгочихдог. Хүн ер нь ямар ч нөхцөлд би бол би, чи бол чи, тэд бол тэд гэдгийг ялгаж салгаад өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгын төлөө тэмцдэг, түүндээ хүндэтгэлтэй ханддаг болох хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм хүчийг өгсөн аав ээждээ туйлын их баярлаж, талархаж явдаг. Бусдад таалагдахын тулд биш өөртөө таалагдаж амьдрах нь л жинхэнэ “миний амьдрал” гэдгийг ойлгуулсанд, амьдралд яаруулж хүчлэлгүй тааваар минь дураар минь байлгадаг аав ээждээ баярлалаа. Надад итгэж надаар шийдвэр гаргуулдаг болохоор би итгэлийг нь алдахгүй гэж хичээдэг.  Гэхдээ алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэр бүлийн утга учир нь хүссэнээ, дураараа хийгээд алдсан ч дэргэд минь хайрласаар, дэмжсээр, түшсээр байна гэдэгт итгэлтэй байхыг хэлдэг юм болов уу гэж бодож байна. Эцэст нь жүдо бол хүндэл тэвчээрийн спорт. Гэр бүлээс минь гадна спорт намайг өөртөө, бусдад, дэлхий ертөнцөд хүндэтгэлтэй хандаж, тэвчээртэй байхыг сургасан.

 

 

МУИС- оюутан Алтанхундагын Намуундалай