Бид амьдралдаа хэт нялуун, хайрын үгсийг харамгүй урсгадаг эсвэл хүйтэн хөндий, хүндлэлгүй зэргээр эрүүлээс хортой хүртэлх төрөл бүрийн харилцаатай хосуудтай тааралдана.
Зарим хүмүүсийн хувьд хосын харилцаа нь шинэ бөгөөд туршлага багаас шалтгаалан бусадтай “харьцуулалт” хийх сэдэл төрдөг аж. Гэвч бусадтай өөрийн харилцааг харьцуулах нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, алхам алхамаар сүйтгэж болох аюултай байдаг гэнэ.
Тайландын сэтгэл судлаачид “харьцуулалт” харилцаанд хэрхэн нөлөөлдгийг судалсан бөгөөд, тус судалгаанд нийт 78 хос оролцжээ.
Судалгааны үр дүнд:
“Харьцуулалт” нь хосуудын сэтгэл ханамж, итгэл, үнэлэмж болон харилцааны талаарх ойлголтод сөргөөр нөлөөлдөг. Мөн хосуудын өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлж болно.
Тэр дундаа бусдаас илүү дотно, романтик, эрүүл харилцаатай гэх мэтээр нүдэнд харагдаж, чихэнд сонсогдсондоо итгэж, олны дунд тархсан хэвшмэл ойлголтод хүлэгдэн, тэр хосуудтай “харьцуулалт” хийх нь хосууд өөрсдийн харилцаа, хайр сэтгэлдээ үргэлж эргэлзэх, цаашдын ирээдүйдээ итгэлгүй болох, үргэлж маргаан үүсэх замыг нээдэг.
Харин эсэргээрээ “toxic” буюу “хортой” харилцаатай гэж дүгнэдэг хосуудтай өөрсдийгөө харьцуулснаар өөрсдийн харилцаагаа илүү дээр мэтээр мэдэрч, улмаар харилцаандаа хичээл зүтгэл гарган, салхи оруулахаас дөлж, жижиг асуудлыг ч харж, мэдэрч чадахаа больдог аж.
Мэдээжийн хэрэг, харьцуулалт нь бүх хосуудын харилцаанд ижил байдлаар нөлөөлдөггүй. Эрүүл харилцаатай хосууд харин харьцуулалтыг сэтгэл ханамжгүй байх шалтгаан биш харин үлгэр дуурайлал, урам зориг авах боломж гэж үздэг байна. Гэхдээ юм бүхэнд хэмжээ гэж байх ёстой тул харилцаагаа бусадтай хэтэрхий их харьцуулах нь аль ч талаараа муу үр дагаварт хүргэх учир эрүүл, урт удаан харилцааг хүсэж буй хүмүүс өөрсдийн харилцаагаа бусадтай харьцуулах бус, харин өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, ахиж дэвшиж чадсандаа анхаарлаа хандуулах нь зүйтэй билээ.
Эх сурвалж: psychologytoday.com