Эцэг эхийн хатуу хүмүүжил нь хүүхдийг өөрийгөө доогуур үнэлдэг, өөртөө итгэлгүй, эцэг эхээсээ аливаа асуудлыг нуудаг болох, гутранги үзэлтэй болох зэрэг асар том сөрөг үр дагавартайг орчин үеийн судалгаанууд харуулж буй. Хэрэв танд эдгээр 5 шинжээс нэг нь байгаа бол та хүүхдэдээ дэндүү хатуу хандаж байгааг илтгэнэ.
1. Та хүүхдийнхээ санал, хүсэлтийг асуудаггүй, сонсдоггүй
Та хүүхдээсээ юу хүсэж байгааг нь асуулгүйгээр шийдвэр гаргадаг, бүхнийг хүүхдийнхээ өмнөөс шийддэг бол “дарангуйлагч” төрлийн эцэг эхийн тоонд багтана. Мөн хүүхдээрээ хүссэн зүйлээ хийлгэхийн тулд орилж хашхирч, загнадаг бол цаашдаа таны хүүхэд амьдрал дээр бусадтай ингэж л харилцах болно.
Тиймээс хүүхэд рүү гээ орилж, хашхирахын оронд хүүхдүүдийнхээ санал бодол, шийдвэрийг боломжтой зүйлүүд дээр (ямар өнгийн хувцас авах, оройн хоолонд юу идэх гэх мэт) тэднээс асууж, хүсэл сонирхлыг нь сонсоод үзээрэй.
2. Хэт их дүрэм журам зохиодог
Та хүүхдэдээ эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байх боломж бага олгодог, гэртээ үргэлж хатуу дүрэм журам зохиодог, хүүхдэдээ үүнийг дагаж мөрдөхийг тулгадаг бол энэ төрөлд багтана.
Жишээ нь: Гэртээ 17 цагаас оройтож ирж болохгүй, гэртээ чанга хөгжим сонсохгүй, найзыгаа гэртээ дагуулж ирэхгүй гэх мэт.
Оронд нь та хүүхдэдээ зохих эрх чөлөөг нь олгож, хөгжилдөх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, өөрөөрөө байх хүслийг нь хааяа ч гэсэн зөвшөөрч байгаарай.
3. Хүүхдийнхээ хичээл зүтгэлийг бус амжилтыг л урамшуулдаг
Ихэнх хатуу эцэг эхчүүд "ялсан, ялагдсан" гэсэн хоёрхон ойлголтыг л хүүхдийнхээ толгойд суулгаж, зөвхөн амжилт гаргасан үед нь л магтаж урамшуулдаг. Хичээл зүтгэлийнхээ төлөө бус зөвхөн үр дүнгийнх нь төлөө л шагнагддаг хүүхдүүд ялагдаж сураагүй, бусадтай үргэлж өрсөлдөх хандлагатай болж өсдөг бөгөөд мөн үргэлж дарамт, түгшүүрийг мэдэрдэг байна.
Оронд нь та хүүхдэдээ ялалт, амжилт бол хүний амьдралын эцсийн зорилго биш гэдгийг тайлбарлаж, гаргасан хичээл зүтгэл, оролдлого, чармайлтынх нь төлөө өөрсдөөр нь бахархаж буйгаа үргэлж хэлж дадаарай..
4. Алдаа гаргасны төлөө шийтгэх
Алдаа гаргах бүртээ шийтгүүлдэг хүүхдүүд дотроо айдастай болж, улмаар том болоод жижиг сажиг зүйл дээр үргэлж худлаа ярьдаг болно. Мөн үргэлж шийтгүүлдэг байсан хүүхэд том болоод бусдыг эрхэндээ байлгах замаар хортой харилцаа тогтоодог зан үйлтэй болох нь бий.
Иймд шийтгэхийн оронд жижиг алдаа гаргах бүрт нь ярилцаж, яагаад хэрэг тарих болсон цаад учрыг нь мэдэхийг хичээн, хамтдаа асуудлыг нь шийдвэрлэхээр оролдоорой.
5. Тогтворгүй сэтгэл хөдлөл
Ээж аав нь ч, ах эгч нь ч үргэлж уурлахаараа орилж хашхирч, бие биеэ шүүмжилж байдаг гэр бүлд эрүүл сэтгэл зүйтэй хүүхэд өсөх боломжгүй. Эцэг эхийн хэт хатуу хараа хяналт нь хүүхдийн сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдах чадварыг сулруулдаг. Мөн судалгаанаас үзэхэд эцэг эх нь хэт хатуу чанга байх нь хүүхэд сэтгэлийн хямралд орох шалтгаан болдог байна.
Тиймээс хүүхдээ зэмлэхийн өмнө өөртөө тайвшрах цаг гарга. Уур хилэн, шийтгэлийн оронд тайвнаар ханд. Хүүхэдтэйгээ ярилцахаасаа өмнө тайвшрах бясалгалуудыг хийгээд үзэхэд гэмгүй.
Тэгвэл хүүхдээ өсгөх аргаа хэрхэн өөрчлөх вэ?
Мэдээж хүүхдээ аюулаас хамгаалахын тулд зарим зүйлийг хязгаарлаж, заримдаа хатуу байх ч хэрэг гарах нь гарцаагүй. Гэвч хэт хатуу байх, хэтэрхий олон дүрэм журам, хязгаарлалт нь таны хүүхдийн сэтгэл зүйд маш сөрөг нөлөөтэй. Тэгэхээр бид юу хийх вэ?
Тэнцвэртэй байдал-Жишээ нь хүүхдүүд долоо хоногт тодорхой унтах цагийг дагаж мөрдөх ёстой, гэхдээ амралтын өдрүүдэд оройтож унтаж болно, эсвэл хичээлээ хийж дууссаныхаа дараа найзуудтайгаа тоглож, амралтын өдрүүдээр гадуур гарч, тоглож болно гэх мэт.
Бодитой хүлээлт - Насанд нь тохирсон хүлээлт, хариуцлага үүрүүлэх, хэт их хүчилж шахахгүй, их зүйл хүлээхгүй байх.
Үр дагавар, учир шалтгааныг тайлбарлах - Жишээ нь “Дулаан хувцаслахгүй бол дагуулж гарахгүй” гэхийн оронд “Дулаан хувцаслахгүй бол даарна, ханиад хүрнэ шүү” гэх байдлаар шийтгэх, сүрдүүлэхийн оронд учир шалтгааныг нь тайлбарлаж, ойлгуулахыг хичээгээрэй. Эцэст нь, та хүүхдээ сонсож, илэн далангүй ярилцаж, тэдний хүсэл, сонирхолд хүндэтгэлтэй хандсанаар эргээд хүүхэд тань танаас айдаг биш, таныг чин сэтгэлээсээ хүндэлдэг, үгийг тань сонсдог болж өснө гэдэгт итгээрэй.