Сэтгэл санааны хүчирхийллийн талаар хүмүүсийн түгээмэл асуудаг асуултууд

Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь чухам юу вэ?

Сэтгэл санааны хүчирхийлэл нь хэл амаар доромжлохоос эхлээд, нийгмийн амьдралаас тусгаарлах, хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулахад хүргэдэг санаатай болон санаатай бус үйлдлүүд юм. Энгийнээр тайлбарлавал хамтрагчийнхаа дэргэд байхад танд тухгүй, хүнд хэцүү мэдрэмж төрдөг, хамтрагчийн тань үг үйлдэл таныг өвтгөдөг бол та өөрөө ч мэдэлгүйгээр сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байж болох юм. 

Сэтгэл санааны хүчирхийлэл нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сэтгэцийн хүчирхийлэл нь хохирогчийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Ихэвчлэн хүчирхийлэгч нь хохирогчийг хэзээ ч хайрлуулах эрхгүй, өөрөөс нь өөр хүн түүнийг хайрлахгүй гэж итгүүлэн, дэргэдээ байлгадаг. Ингэснээр тухайн хохирогч өөрийг нь хүчирхийлж буй хамтрагчаа орхихоос айх, тэр хүнээс өөр нэгнийг олж чадахгүй гэсэн айдастай болох бөгөөд энэ нь даамжирсаар сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал, идэх эмгэг зэрэг олон сэтгэл зүйн эмгэгүүдийн эхлэл болдог. Хортой харилцааг дуусгасны дараа ч хохирогч хэвийн амьдралдаа буцаж орох, дахин романтик харилцаа эхлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг.

Хүн өөрөө өөрийгөө сэтгэл санаагаар хүчирхийлж болох уу?

Харамсалтай нь тийм. Хүмүүс өөрийгөө маш доогуур үнэлэх эсвэл ямар нэг алдаа гаргасныхаа төлөө өөрийгөө хэт их буруутгасны улмаас хортой бодол, зан үйлд амархан автах хандлагатай байдаг. Мөн хортой харилцаа, сэтгэл санааны хүчирхийллээс зугтаж чадсан хэдий ч хуучин хамтрагчийнхаа хэлсэн үгсийг эргэж бодон, өөрөө өөртөө тэр үгсийг дахин дахин хэлэх тохиолдлууд байдаг. Даван туулахад хамгийн хэцүү хүчирхийлэл бол хүн өөрийгөө бодлоороо хүчирхийлж буй энэ хэлбэр юм. Тиймээс танд өөрөө өөрийгөө үзэн ядах, өвтгөх бодол орж ирсэн даруйд мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь зүйтэй.

Хүчирхийллийн ямар гол шинж тэмдгүүд байдаг вэ?

Хүчирхийллийн гол шинж тэмдгүүд нь бие махбодийн гэмтэл, сэтгэл гутрал, тусгаарлагдсан мэт мэдрэмж, сэтгэл түгшүүр зэргээс эхлээд таны наад захын сэтгэлзүй, бие махбодь, санхүүгийн хэрэгцээг хязгаарлах, цаашлаад тохиромжгүй тоглоом шоглоом хийх, хувийн орон зайг тань үл хүндэтгэх гэх мэт танд таагүй сэтгэгдэл төрүүлж буй бүхий л үг үйлдлүүд орно.

Сэтгэл санааны хүчирхийллийг таних боломжтой юу?

Сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж буйгаа таньж мэдэхэд их хүндрэлтэй байдаг. Учир нь энэ төрлийн хүчирхийлэл нь нүдэнд ил харагдах шарх сорив үлдээдэггүй. Гэсэн хэдий ч таны сэтгэл санаа, тайван бус байдал зэрэг нь таныг хүчирхийллийн хохирогч болж буйг тань хэлж өгнө. Тиймээс энэ төрлийн хүчирхийллийг танихын тулд хамтрагчийнхаа үг үйлдлийг ажиглахаас гадна өөрийгөө маш сайн сонсох, ажиглах хэрэгтэй болно.

Нарциссист гэж юу гэсэн үг вэ?

Нарциссист гэдэг нь нэг ёсондоо өөрсдийгөө хэт дөвийлгөдөг, үргэлж өөрийгөө бусдаас илүү бас онцгой мэтээр мэдэрдэг хүмүүс юм. Тэд харилцаандаа хэзээд ялагч нь байхыг хүсдэг бөгөөд зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд л бусадтай харилцаа үүсгэдэг гэхэд хилсдэхгүй. Хүний сэтгэл хөдлөлийг урьдчилан таамаглах чадвар тэдэнд бий ч өөрсдөө л биш бол бусад хүний мэдрэмжийг шууд л үл тоомсорлодог ба нэг ёсны өрөвдөх чадваргүй амьд бодгалиуд юм.  Нарциссист хүн хамтрагчаа сэтгэл санааны хувьд удирдахын тулд чадах бүхнээ хийдэг. Тиймээс нарциссист хүнтэй хосын харилцаа үүсгэсэн хүмүүс ихэнхи тохиолдолд сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлд өртөж байдаг.

Хэл амаар доромжлох нь сэтгэл санааны гэмтэл учруулж болох уу?

Мэдээжийн хэрэг болно. Хэл амаар доромжлох, хашхирах зэрэг нь сэтгэл санааны хүчирхийллийн нэгэн хэлбэр юм. Үүнд:

  • Танд нэр хоч өгөх

  • Орилж хашхирах

  • Заналхийлэх, захиргаадах зэрэг орно.

Харилцаанд хашхирах, хэл амаар доромжлох олон давтагдах тусам бид үүнд дасаж, харилцааны ердийн нэг хэсэг мэтээр хүлээн зөвшөөрөх магадлалтай  байдаг учир энэ бүхэн олон давтагдахаас өмнө арга хэмжээ авах хэрэгтэй.

Энэ нь цааш даамжирвал сэтгэлийн хямрал, түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэг, өөрийгөө хэт доогуур үнэлэх зэрэг асуудлуудын эхлэл болдог.