Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэллээ!

Энэ жилийн аян “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон  “Эрхэм бүхнээ нандигная” уриан дор 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Тус аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ)-ийн санаачлагаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил ирэх тутам НҮБХАС, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) энэхүү санаачлагад нэгдэн ЖСХ-ийг таслан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болсон. 

Өмнөх жилүүдэд 16 хоногийн аяныг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд чиглүүлэн, ЖСХ–ийг ихэвчлэн “эмэгтэйчүүдэд хамаатай” асуудал гэж харж зөвхөн хохирогчийг хамгаалах чиглэлд илүүтэй анхааран үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Харин энэ жилийн аяны хувьд ЖСХ эрэгтэйчүүд, хөвгүүдэд шууд болон шууд бус замаар нөлөөлж байдаг тул тэднийг ЖСХ-тэй тэмцэх үйл хэрэгт татан оролцуулахад илүү чиглэх юм. ЖСХ-ийн суурь шалтгаан болсон жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр, түүнд эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулахгүйгээр бид ЖСХ-тэй тэмцэх боломжгүй юм. 

Мөн хөвгүүд ирээдүйд хэн нэгний хамтрагч, хань ижил болж, олон нийтийн дунд орж, удирдан манлайлах нь тодорхой. Тиймээс жендэрийн эрх тэгш байдлыг эрхмэлсэн хандлага, зан үйл, үйл ажиллагаагаар тэдэнд хүрч ажиллах нь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлгүй ирээдүйг бүтээхэд хамгийн гол чухал үүрэгтэй.

Тиймээс 2022 оны 16 хоногийн аяны хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг  өдөр тутмын амьдралдаа тохиолдож байгаа ЖСХ-ийн эсрэг зогсож, манлайлан оролцох боломжийг бүрдүүлэх тийм орон зайг олон нийтийн дунд бий болгох, үлгэр дуурайл үзүүлэхүйц чадавх эзэмшихэд нь туслахуйц арга хэмжээнүүдэд хамруулахаар олон үйл ажиллагааг  зохион байгуулж эхлээд байна.