1. Гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй орон зай нь бай - Багадаа харсан хүчирхийлэл, гэр бүлийн таагүй харилцаа нь хүүхдийн насан туршийн амьдрал, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг.
Тиймээс гэр бүлийн эрэгтэй гишүүн өөрийн ХҮЧ ЧАДЛАА УРВУУГААР БУС ЗӨВӨӨР АШИГЛАН гэр бүл, хүүхдүүддээ аюулгүй орон зайг бий болгож чадна.
2. Эрх тэгш оролцох- Аавууд хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн өсгөн хүмүүжүүлэх болон гэр орны бусад ажилд эрх тэгш оролцсоноор гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг бэхжүүлж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэх хүчирхийллийг бууруулдаг.
3.Хэвшмэл ойлголтоос ангижрах - “Эр хүн ийм л байх ёстой, эмэгтэй хүн ийм л үүрэгтэй” гэх нийгмээс тулгасаар ирсэн хэвшмэл ойлголтуудаас татгалзах, эргэн тойрныхоо эрэгтэй хүмүүс, хөвгүүдэд ч мөн хэвшмэл ойлголтуудын хор уршгийг тайлбарласнаар жендэрт суурилсан хүчирхийлэл, буруу ойлголтуудыг арилгахад маш том хувь нэмрээ оруулна.
4. Сонсох, ойлгох - Хүчирхийлэлд өртсөн түүхээ хуваалцана гэдэг нь хүчирхийллийн мөчлөгийг эвдэх эхний алхам болдог. Мөн хүчирхийлэлд өртсөн түүхээ ярихад маш их зориг шаарддаг. Тиймээс эрэгтэйчүүд хохирогчийн түүхийг хүндэтгэлтэйгээр сонсох, хохирогчдод ярих урам зориг өгөх, ярих аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал.
5. Эмэгтэйчүүдийн төлөөх байгууллагуудыг дэмжих - Өөрийн амьдарч буй орон нутагт болон дэлхий дахинд үйл ажиллагаагаа явуулж буй эмэгтэйчүүдийн төлөөх төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй болох, өөрийн чадах хэмжээнд туслах (хандив өгөх, сайн дурын ажил хийх гэх мэт).
6. Зөвшөөрөл ба түүний ач холбогдлыг ойлгох - Бид хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх буюу бэлгийн харилцаанд орохдоо санал нэгдэж буйн илэрхийлэл болгож зөвшөөрлөө илэрхийлдэг. Зөвшөөрөл нь бэлгийн харилцааг хүсэж буйн илэрхийлэл болно.
Зөвшөөрөлгүйгээр бэлгийн харилцаанд орох эсвэл бэлгийн үйлдэл хийх нь хүчин эсвэл өөр төрлийн бэлгийн хүчирхийлэлд тооцогдоно. Тиймээс эрэгтэй хүмүүс зөвшөөрөл, түүний ач холбогдлыг ойлгох, бусдадаа мөн ойлгуулах хэрэгтэй.
7. Бэлгийн хүчирхийллийн эсрэг зогс - Өөрийн болон эргэн тойрны эрэгтэйчүүдийн үг, үйлдэл, эмэгтэй хүний талаар хэрхэн ярьж буйгаа ажиглах, илүү болгоомжтой, хүндэтгэлтэй байх, бусдад мөн тийм байхыг сануулах нь нэн чухал. Цаашлаад хэрэв, хэн нэгэн эмэгтэй дарамт, тохиромжгүй, хүчирхийллийн шинжтэй тоглоом шоглоом, доромжлол, ялгаварлан гадуурхалт зэрэгт өртөж буйг харвал хажуугаар нь чимээгүй өнгөрөх бус, хүчирхийллийн эсрэг зогсож, түүнийг таслан зогсоох хэрэгтэй.