Нүүдэлчин өв соёл, олон зууны түүхээс авч үзвэл эрэгтэй хүн манлайлагч, ар гэрээ авч явах гээд бүхий л хариуцлагыг үүрч ирсэн. Гэвч суурин амьдралд шилжсэн өнөөгийн цаг үед хуучинсаг ойлголт нь жендерийн эрх тэгш байдлыг багагүй зөрчих болсон. Бүх асуудал гэр бүлийн хүрээллээс эхэлдэг. Чи ингэх ёстой, тэгэх ёсгүй гэсэн харилцаанаас үл ойлголцох байдал үүсдэг.
Санхүүгийн тэгш байдал – Хамтдаа санхүүгээ босгох нь гэр бүлийн бат бөх харилцаанд нөлөөлдөг. Зөвхөн эр хүн гэр бүлээ тэжээх ёстой гэсэн үзэл нь өрөөсгөл ойлголт бөгөөд тэр бүл зоихосон л бол үүрэг хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой билээ.
Гэр орны ажил – Эмэгтэй хүн гэр орны ажил хийдэг гэх хуучинсаг үзлээсээ салах цаг болсон. Тэр гэрт хамтдаа амьдарч буй л бол гэр орны ажлыг эрэгтэй эмэгтэй хүнийх гэж ялгах бус хамтдаа хувааж хийж, нэгнийхээ ачаанаас үүрэлцэж өгөх нь чухал.
Сексийн харилцаа - Бэлгийн амьдралын хувьд хоёр талын хүсэл сонирхол хамгийн чухал. Хэн хэнийхээ таашаал, аз жаргал, мөн сонголтуудыг хүндэтгэдэг, энэ талаар ярилцдаг байх нь бат бөх, эрүүл харилцааны чухал дүрмүүдийн нэг юм.
Эрх чөлөөтэй байдал – Хэдий гэр бүл болсон ч хүн бүр өөрийн гэсэн хувийн орон зайтай байх ёстой. Хэн хэнийхээ хувийн орон зайг хүндлэхгүй, хэт халдах тусам хосууд муудалцах нь ихсэж, харилцаа хүнд байдалд ордог.
Хүүхдийн хүмүүжил – Аав, ээж гэх ойлголт нь цогц учраас хүүхдийн хүмүүжилд тэгш оролцох үүрэгтэй. Хүүхдийн цаашдаа ямар хүн болж өсөж хүмүүжих, хүүхдийн зан авир ямар болох тал дээр эцэг эхийн аль алины нөлөө ижил тэгш байдаг тул хүүхдийн хүмүүжлийн асуудалд эн тэнцүү оролцох хэрэгтэй.