3-4 настай хүүхдийн онцлог

Бяцхан үрсийн тань нас насандаа ойлгох, сурах боломжтой зүйлс, сэтгэлзүй, хөгжлийн үйл явц өөр өөр байдаг. Тэгвэл дөнгөж хөлд орсон 3-4 настай хүүхдийн тань сэтгэлзүй, хөгжлийн онцлог ямар байдаг вэ?

Сэтгэл хөдлөл

Хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжилд чухал үе нь  3-4 нас байдаг. Хүүхэд энэ насанд хамгийн сониуч, эргэн тойрныхоо талаар мэдэх хүсэлтэй байдаг.

Таны хүүхэд бие, оюун ухаан, сэтгэл хөдлөлөө өөрийнх нь гэдгийг ойлгож эхэлдэг. Хүүхэд баярлах, гуниглах эсвэл айх, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлүүдийг ялгадаг болно.

Тоглоом

Энэ насанд хүүхэд тоглоомоор идэвхитэй тоглож наадна. Насанд нь тохирсон олон төрлийн чанартай хоргүй, аюулгүй тоглоом авч өгөх шаардлагатай.

Мөн 3-4 насандаа хүүхдүүд бусад хүүхдүүдтэй тоглох, нөхөрлөх сонирхолтой болдог. Хүүхдэд миний, чиний гэсэн ойлголттой болсон учраас тоглоомоо харамлах, эсвэл бусадтай хуваалцах гэх мэт үйлдлүүд ажиглагдана.

Хэл яриа

3-4 нас хүртэл хүүхдийн үгийн сан идэвхитэй нэмэгдэнэ. “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэж асуулт тавина, үйл үг, нэр үг, тэмдэг нэр, төлөөний нэр зэргийг эзэмшиж богино хэмжээний өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Асуулт тавьж эхэлнэ гэдэг хүүхдийн оюуны хөгжил сайн байна гэсэн үг.

Энэ насанд хүүхдийн яриа нь харилцааны хэрэгсэл болно. Хэлсэн зүйлийг эсэргүүцэж эхэлдэг.  Энэ үед ахмад хүмүүс хүүхэдтэй харьцах хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай.

Сэтгэхүйн хөгжил

Хоёр настай хүүхэд өмнө дуулгавартай байсан бол гурван наснаас эхлэн зөрүүд байдал гаргана. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай “үгүй” гэдэг үг бий болно. Тэд юм л бол “үгүй” гэнэ. ”Хоолоо ид” гэхээр “үгүй”, “миний хүү наашаа ир” гэхээр “үгүй”, “май энэ тоглоомыг ав” гэхлээр “үгүй” гэж хариу өгнө. Энэ бас учиртай. Хэрэв бид сайн ажиглаад үзэхэд эцэг эх, насанд хүрэгчдээс өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдал илэрч буйг ажиглаж болно. Энэ нь чухамдаа түүнийг хүсэхгүй байгаа биш харин бусдын тушаах, тулгах, даалгахыг биелүүлэх дургүй байгаагаас тэр. Үүний гол шалтгаан нь хүүхэд энэ насандаа өөрийгөө ”бие хүн” гэдгийг мэдэрч эхэлж байгаад оршино.

Энэ насанд хүүхдэд өөрөө хийж гүйцэтгэх боломжтой өдөр тутмын хэвшлүүдийг (унтахын өмнө шүдээ угаах, тоглоомоор тоглосны дараа гараа угаах гэх мэт) өөрөөр нь хийлгэж хэвшил болговол зохимжтой.