Гэр бүл нь нийгмийн анхдагч нэгж болохын хувьд гишүүд энэ л орчин тайван, эрх чөлөөтэй байж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ижил тэгш эрх эдэлнэ. Гэр бүлийн аль нэг гишүүн өрхийн эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрт голлох үүрэгтэй байх нь гэр бүлийн харилцаанд бусдаас давамгай байр суурь эзэлнэ гэсэн үг огтхон ч биш. Гэр бүлээ төлөөлөн шийдвэр гаргалтад хэн нэгний байр суурийг хүндэтгэн гишүүн бүр оролцох, өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй байна. Тэгвэл үүнийг практик дээр хэрхэн хангах вэ?
Эрх тэгш харилцааг хэрхэн хангах вэ?
Аливаа асуудлын талаар хамтрагчаа ямар хүлээлттэй, байр суурьтай байгаа талаар нээлттэй ярилцаж байх нь гэр бүлийн маргаан хүндрэхээс сэргийлнэ. Мөн өөртөө таны сэтгэлтийг зовоож буй аливаа асуудлыг илэрхийлж, тусламж авч байгаарай. Жишээ нь: “Өнөөдөр оройн хоол хаана идэхээ би сонгоё, яагаад гэвэл би ойрд сонгоогүй юм байнаэсвэл “Энэ жил хүүхдүүдийн төрсөн өдрийг хамтдаа зохион байгуулъя. Ганцаараа бүхнийг хийх нь надад хүндрэлтэй байгаагаа” мөн “ажил дээр ачаалал, стресс ихтэй байвал хамтрагчдаа ойлгуулж, гэрийн ажлыг дараагийн удаа хийе” гэх мэтээр “чөлөө авах” байдлаар асуудлыг нээлттэй ярилцах нь чухал.
Хүүхэдтэй болох, ажлаа солих, амьдардаг газар нутгаа солих зэрэг өөрчлөлтийн үе шатанд харилцааны тэнцвэр алдагдах нөхцөл үүсдэг. Ийм үед өөрчлөлтийн хамтдаа хүлээн зөвшөөрч энэ талаар бие биетэйгээ нээлттэй ярилцах нь чухал. Тиймээс бие биенийхээ сэтгэл зүйн байдлыг анзаарч мөн өөрийгөө зөвөөр илэрхийлж, ойлгуулж сурснаар хосуудын харилцаа бэхжиж байдаг.
Түүнчлэнасуудлыг хамтдаа ярилцаж, өөрийгөө илэрхийлэхээс гадна хамтрагчийнхаа санал бодлыг асууж байх нь чухал. Тухайлбал, “Төлбөр тооцоог зохицуулдагт нь баярлаж байна. Гэхдээ би бас хааяа тусалж байвал ямар вэ?” эсвэл “Би дандаа өөрийн мэдрэмжээ хуваалцаж, чамаас зөвлөгөө авдаг. Чи бас сэтгэлээ онгойлгож, асуудлаа надтай хуваалцвал би баярлана шүү” гэх нь асуудал хүндрэхээс сэргийлж, харилцаанд эерэг уур амьсгал бий болгоно.
Өөрчлөгдөн хувьсах үүрэг
Үүрэг хариуцалагаа ижил тэгш хуваарилсан мэт санагдах ч цагийн эрхээр нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Учир нь нэг нь хүүхдүүдээ сургуульд нь зөөж, худалдан авалтын шийдвэр гаргаж байхад нөгөө хүн хоол унд бэлдэж, гэрийн ажил хийдэг бол өөр өөрсдийн хуваарилж авсан ажлаа үе үе сольж хийж үзээрэй. Энэ нь хосууд бие биенээ илүү сайн ойлгоход тусална.
Эрх мэдэл ба хүчирхийлэл
Харилцаанд хэн нэгний эрх мэдэл давамгайлах нь тэгш бус байдлыг үүсгэж гэр бүл дотор хүчирхийллийн аль нэг хэлбэр үйлдэгддэгийг байнга санах хэрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хамтрагчаа өөрийн хараа, хяналтад байлгах, үйлдэл бүрийг нь хянах, шүүмжлэх, сэтгэл санаагаар унагах, айлган сүрдүүлэх, хэрхэн биеэ авч явахыг нь заах, эрх чөлөөг нь хязгаарлах, зарим тохиолдолд бие мах бодийн хүчирхийлэл үйлдэх гэх зэрэг олон хэлбэрээр илэрдэг.
Гэр бүлийн гишүүний хэн нэг нь бусад гишүүдээсээ давамгай эрхтэй байх, тэдний эрхийг хязгаарлах байдлаар тэгш эрх алдагдах нь гэр бүлийн харилцаан ихээхэн сөрөг үр дагавар бий болгодог. Хэрэв та өөрийгөө ийм нөхцөл байдалд байна гэж үзвэл хамтрагчтайгаа асуудлыг ярилцахыг хичээх эсхүлл мэргэжилтнээс зөвлөгөө, тусламж авах шаардлагатай.
Гэр бүлийн харилцаанд тэгш байдлыг хэрхэн хангах вэ?
Хүндлэлийг хамгийн нэгдүгээрт тавих. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг хосуудын харилцааны нийтлэг шинж
• Бие биенээ хүлээцтэйгээр сонсож, нээлттэй ярилцаж чаддаг
• Бие биенээ хүндэлж, эелдэг харилцдаг
• Хүсэл мөрөөдлийг нь дэмждэг
• Буулт хийж чаддаг
• Хувийн орон зайг нь хүндэтгэдэг
• Бие биендээ итгэдэг
• Хэн нэгнийхээ эрхийг зөрчдөггүй
Та хоёрын хэрэгцээ адил тэгш чухал байх
Гэр бүлийн гишүүний хэн нэгний асуудал нь таныхаас чухал байх эсвэл эсрэгээрээ та өөрийн асуудлаа нэн түрүүнд тавих нь тэгш бус харилцааны илрэл юм. Тэгш байдлыг хангасан гэр бүл үргэлж эерэг, таатай уур амьсгалтай байдаг ба асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэлд хүрч чаддаг.
Дотно харилцааны талаар ойлголтоо нэгтгэх
Судалгаанаас үзэхэд сексийн харилцаа нь хосуудын харилцааны сэтгэл ханамжийн томоохон үзүүлэлт ажээ. Тиймдээ ч хосуудын харилцаанд чухал байр суурийг эзэлдэг. Секс бол хэн нэг нь илүү хяналтыг авах, асуудлыг шийдэх, давуу байдлыг бий болгох хэрэгсэл биш тул та хоёр нэг ойлголттой байх нь чухал. Дуртай болон дургүй зүйлээ мэдэж, юунд өдөөгддөг, тааламжтай зүйл болон хэр давтамжтай байхыг хүсэж буйгаа нээлттэй ярилцах нь эхэндээ тухгүй мэт санагдах ч нээлттэй ярилцаж сурах нь гэр бүлийн харилцаанд эерэг харилцааны үндэс болдгийг санаарай.
Романтик нөхөрлөлийг бий болгох
Харилцаа нь дан ганц романтик зүйл биш харин нөхөрлөл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бид ижил сонирхол, хобби, адилхан үнэт зүйл, итгэл үнэмшилтэй хүмүүсийг олж нөхөрлөн итгэж, бие биенийхээ дутууг нөхдөгийн адил хамтрагчтайгаа багийн тоглогчийн эрх тэгш харилцааг бий болгосноор та хоёрын харилцаа гагцхүү романтик төдийгүй сайн найзынх байх боломжтой.
Харилцаагаа түншлэл болгох
Хосууд болзох, дотно харилцаа үүсгэх, романтик байх нь цаг өнгөрүүлж буй хэлбэр юм. Харин хосуудын эрүүл харилцаа, гэр бүлийн соёл, дэг жаягийг бий болгох үүнийг бүхий л амьдралаа хэрэгжүүлэхийн тулд бат бөх нөхцөлийг бий болгох нь чухал юм. Та хоёр бие биенээ түнш гэж харахгүй байх нь “би түрүүнд, минийх чухал” гэсэн байр суурь буюу эрх мэдлийн давамгай байдлыг үүсгэдэг. Тэгвэл хэрхэн түншлэлийн харилцааг үүсгэх вэ:
• Бие биенийхээ гэр бүл, найз нөхдийг хүндлэх, тэдэнд цаг гаргах
• Асуудлаа харилцан ярилцаж, шийдвэрлэх
• Томоохон шийдвэр гаргахаас өмнө зөвлөлдөх
• Гэр бүлдээ хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх
• Чадах зүйлээрээ нэгнийхээ дутууг нөхөх, ингэхдээ хүндэтгэлтэй хандаж, нэг нэгнийхээ эрхийг хангах
Цагийг хамтдаа өнгөрүүлэх
Найз нөхөд, гэр бүлдээ цаг гаргадгийн адилаар хоёулхнаа цагийг өнгөрүүлж, болзож байхаа мартаж болохгүй. Ингэснээр бие биеэ илүү илүү сайн ойлгож, аливаа асуудалд эерэг шийдэлд олж чадна. Долоо хоногт нэг удаа хоёулхнаа цагийг өнгөрүүлж байх нь стресс бууруулах, харилцааны сэтгэл ханамжийг дээшлүүлэх, гэр бүлийн маргаан, цаашлаад салалтыг бууруулахад нөлөөлдөг.
Бие биенээ дэмжих
Аз жаргалтай харилцаанд хэн нэгний хүсэл, сонирхол нь хамтрагчийнхаа хүсэл зоригийг үгүйсгэж, хязгаарладаггүй. Бие биедээ дэмжлэг үзүүлэх нь харилцаанд тэгш байдлыг бүрдүүлэх гол хүчин зүйл болдог тул хамтрагчийнхаа хүсэл мөрөөдөл, зорилгыг сонсож, дэмжиж урамшуулах хэрэгтэй.
Үүний нэг арга бол гэр бүлдээ стрессгүй эрүүл, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх юм. Үүнд: хайраа илэрхийлэх, асуудлыг нь сонсох, санал нийлэхгүй байсан ч шүүмжлэхийн оронд саналыг нь хүндэтгэх, өөрийн байр суурийг эелдгээр илэрхийлэх, бие мах бодийн таашаал үзүүлэх, мэдрэмжийг нь асууж, хуваалцах зэрэг багтаж болно.
Танай гэр бүлийн харилцаанд тэгш бус байдал илэрдэг бол үүнийг засах, өөрчлөх боломжтой гэдгийг санаарай. Тиймээс нэн тэргүүнд бие биедээ хүндлэх, чин сэтгэлээсээ сонсох, асуудлаа харилцаж сурахад багахан хүчин чармайлт гаргаарай. Мөн өөртөө цаг гаргаж, дуртай зүйлсээ хийж, үнэлэмж, үнэ цэнээ та өөрөө мартаж болохгүй.