Мэдрэлийн ядаргаанд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ?

Мэдрэлийн ядаргаа нь ажил болон хувийн амьдралаас шалтгаалсан сэтгэл хөдлөл, мэдрэлийн хэт их ачаалаас болж үүдсэн эмгэг юм. Хүний өдөр тутмын амьдрал, зан араншинд ихээр нөлөөлдөг бөгөөд судалгаагаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүүтэй мэдрэлийн ядаргаанд өртөх эрсдэлтэй нь тогтоогдсон байна.

Мэдрэлийн ядаргаа ихэвчлэн юунаас болж үүсдэг вэ?

1.Нийгэм, хүрээлэл, ойр тойрныхноосоо авах анхаарал халамж бага байх

2.Хэн нэгнийг удаан хугацаагаар асрах (өвчтэй хүн, настай хүн, хүүхэд г.м)

3.Хичээл, сургуулиас үүдэлтэй дарамт

4.Хэт олон цагаар ажиллах,

5.ажилдаа сэтгэл хангалуун бус байх

6.Төрөлт

7.Гэнэтийн санхүүгийн асуудал гарах

8. Хэт их үүрэг хариуцлага ирэх

9.Салалт

10.Ойр дотнын хүн нас барах эсвэл хүндээр өвдөх

11.Гэмтэл бэртэл авах, өвчин тусах зэрэг олон шалтгаанаас үүдэн мэдрэлийн ядаргаа үүсэж болно.

Мэдрэлийн ядаргаанд орсон үед зан төлөв, өдөр тутмын амьдралд илрэх шинж тэмдгүүд:

1. Амархан цочимтгой, түргэн ууртай болох

Мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс ихэвчлэн маш жижиг зүйлээс болж бухимдах, цочир ууртай болох зэргээр зан аашинд өөрчлөлтүүд гардаг.

Энэ нь даамжирсаар бүх зүйлийг сөргөөр харах, хайртай дотны хүмүүсээ өөрөөсөө холдуулах, гомдоох зэргээр таны өдөр тутмын амьдралд нөлөөлдөг.

2. Ажлын бүтээмж, урам зориг илт багасах

Мэдрэлийн ядаргаанд өртсөн хүн анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болдог ба үүнээсээ болж ажил хийх урам зоригоо алддаг. Үүнээсээ болж чухал ажлуудаа хойшлуулах, ажлаас халшрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

3. Үргэлж ямар нэг зүйлд түгших

Сэтгэлийн түгшүүр үргэлж мэдэрнэ гэдэг нь таны амьдрал, сэтгэлзүйд ямар нэг зүйл буруу байна гэдгийг сануулж байдаг. Мэдрэлийн ядаргаанд орсноос үүдэн ямар ч шалтгаангүйгээр, амьдралын өдөр тутмын жижиг зүйлс дээр ч сандрах, түгших мэдрэмж үргэлж төрдөг.

4. Нойрны асуудал

Мэдрэлийн хэт ачаалал, стрессээс үүдэн хүн нойргүйдэлд ордог. Нойр дутуу байх нь эргээд хүний мэдрэлийн ядаргааг улам дордуулдаг. 

5. Гадаад орчноос тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх

Мэдрэлийн ядаргаанаас үүдэн хүн эрч хүч, амьдралын баяр баяслаа алддаг бөгөөд өдөр бүр яг адилхан өнгөрч байгаа мэт дүйнгэ, гадаад орчноос тасарсан мэт мэдрэмжийг өдөр бүр мэдэрдэг байна.

6. Шалтгаангүй уйлах 

Бид бие махбодын болон сэтгэл санааны хувьд хэт их ядарч туйлдсан, стрессдсэн үедээ ямар ч төрлийн бэрхшээлийг даван туулах чадвараа алддаг. Үүнээсээ болж жижигхэн зүйл дээр эсвэл бүр огт шалтгаангүйгээр уйлах, гуниглах үзэгдэл давтагддаг. Танд ийм шинж тэмдэг үе үе илрэх болсон бол мэдрэлийн ядаргаанд орсон байж болох ажээ.

7. Эрүүл бус амьдралын хэвшил

Мэдрэлийн ядаргаанаас болж хүн архи, тамхи эсвэл мансууруулах бодисыг ердийнхөөс илүү хэрэглэх хандлагатай болдог. Хэт их ядрах, сэтгэл санаа тавгүйтэх үедээ энэ мэт түр зуурын таашаал өгөх буруу зуршлаар аргацаах нь үнэндээ мэдрэлийн ядаргааг илүү дордуулах хүчин зүйл болдог.

8. Хоолны дуршил өөрчлөгдөх

Стресс таны хоолны дуршилд янз бүрийн байдлаар нөлөөлж болзошгүй. Хэт их идэх, эсвэл огт хоолны дуршилгүй болох, гэнэт жин нэмэх эсвэл турах зэргээр таны бие махбод, хооллох дадалд тань өөрчлөлт орсон бол та мэдрэлийн ядаргаанд орсон байж болзошгүй ажээ.

Үүнээс хэрхэн гарах вэ?

1.Бясалгал хийх

2.Идэвхтэй дасгал хөдөлгөөн

3.Дотнын хүмүүсээсээ тусламж хүсэх, ярилцах

4.Мэргэжлийн хүнд хандах, зөвлөгөө авах

5.Тэмдэглэл хөтлөх

6.Байгальд гарах

7.Өөртөө амралт өгөх

8.Эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх