Эмэгтэй ахмад нисгэгч Т.Сумъяа: Нэгэнтээ сонирхож дурлаад, хийж үзэх хүсэлтэй байгаа бол эцсийг нь үзэх хэрэгтэй"

МИАТ компанийн эмэгтэй ахмад нисгэгч АН-24 онгоцны дарга Т.Сумъяатай бид нисгэгчийн мэргэжлийн жаргал зовлонгийн талаар ярилцлаа.

Нисгэгчийн мэргэжил гэдэг хэр баргийн хүн сонгохоосоо зүрхшээдэг мэргэжил билээ. Та анх яагаад энэ мэргэжлийг сонгож байсан бэ?

-Яагаад гэх онцгой шалтгаан бараг байхгүй дээ. Тэр үед анх монгол хүн сансарт нисээд, нисгэгчийн тухай кино, нэвтрүүлэг их л гарч байсан. Тэрнээс санаа сэдэл аваад л нисгэгчийн курст суусан.

Та нийтдээ хэдэн жил нислэг хийв?

-Би 28 жил нисгэгчээр ажиллаад гавъяаныхаа амралтад гарсаан. Гавъяаныхаа амралтанд гараад бараг 20 гаруй жил болж байна. Одоо Сэлэнгийн Шаамар суманд зөгийн балны аж ахуй эрхлэн амьдарч байна.

Хаана энэ мэргэжлээ эзэмшсэн бэ?

-Дотоодод. Нисгэгч сургах курс зарлагдаад, тэрэнд очиж суусан даа.

Хэдэн хүүхэд дундаас сонгогдож чадсан бэ? 

-Надтай хамт бараг 30 гаруй охидууд сурч байснаас би нэг найзтайгаа хоюул тэнцсэн. Гэвч найз маань дадлагат гарч байхдаа онгоцоо эвдээд, тэгээд л би ганцаараа үлдсэн дээ.

Таныг энэ мэргэжлээ эзэмшхээс өмнө Монголын агаарын тээвэрт нийт хэдэн эмэгтэй нисгэгч байсан юм бол?

-Миний өмнө зургаан эмэгтэй нисэгч байсан. Би долоо дахь нь гэж явдаг.

Хамгийн анхны бие даасан нислэгээ хэзээ хийсэн бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан вэ?

-Хамгийн анх дадлага хийж ганцаараа нисэж байхад л их догдолж байсан даа. Анх 1968 онд спортын жижиг онгоцоор нисэж байсан юм. Дурлаж сонгосон ажил маань болохоор их л сайхан санагдаж байж билээ.

Таны хувьд нисгэгчийн эрхээ авах хүртэл хугацаанд ямар ямар шалгуур, хүндрэл бэрхшээлийг даван гарсан бэ?

-Залуу байсан, жаахан охин байсныг хэлэх үү, дурлаж, сонирхож байсан зүйлээ хийж сурч байхад юу ч тохиолдсон хүнд хэцүү санагддаггүй байж дээ одоо бодоход.

Анх нисгэгч болно гэж шийдэхэд нь гэр бүлийнхэн нь яаж хүлээж авч байсан бэ?

-Гэрийнхэн маань ер нь их дургүй л байсан. Хэцүү мэргэжил, хариуцлагатай хэр барагийн хүн хийхээргүй ажил, чи үнэхээр хийж чадах юм уу гэж их асуудаг, ер нь жаахан дурамжхан байсан даа. 

Таныг нислэг үйлдэж байх үед цаг агаар огцом муудах зэрэг эрсдэлтэй үе тулгарч байсан уу?

- Байлгүй яахав. Ялангуяа хаврын цагт өглөө нь тогтуун сайхан байсан хэрнээ, өдөр тийшээ шороогоор, цасаар шуурна, эсвэл зуны цагт ширхэг ч үүлгүй байснаа гэнэт аянга цахилгаан цахих, бороо орох гээд олон хүндрэлүүд гарна аа. Ер нь амаргүй л ажил.

Эмэгтэй нисгэгч байхын хэцүү нь юу вэ?

-Эмэгтэй нисгэгч байхын хэцүү нь эмэгтэй хүн хүүхэд гаргаад, гэр бүлтэй болоод ирэхээрээ бусад нисгэгчдээсээ мэргэжлийн тал дээрээ жаахан хоцрогддог, хойш нь татдаг юм уу даа. Би хоёр хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүд жаахан байхад  хүүхэд асрах, туслах хүн ч олдохгүй, завгүй ажлаасаа болоод хүүхдүүдээ 24 цагийн цэцэрлэгт өгч, өөрөө ажлаа хийж явсан үе бий. 

Энэ мэргэжлийг эмэгтэй хүн сонгохын хэцүү нь ар гэрээ, ажил төрөлөө хамтад нь зохицуулж, авч явах юм уу даа.

Таныг мэргэжлээрээ ажиллаж байхад эрэгтэй эмэгтэй нисгэгчдэд ялгаатай хандах байдал гардаг байсан уу? 

-Тийм зүйл хаа очиж байгаагүй ээ. Бид чинь тэр үед Батлан хамгаалах яамны дэргэд, хагас цэрэгжилтийн дүрэмтэй байдаг байсан. Эрэгтэй хүмүүсээс шаарддаг бүхий л шаардлага хүлээлтүүдийг надаас ижилхэн шаардаж, ижилхэн ханддаг байсан. Тэр ч бүү хэл хүүхэд өвдчихөөд чөлөө авах гэтэл чиний ажлыг хэн хийх вэ гэж дарга загнаж байсан удаа хүртэл бий. Эмэгтэй хүн гээд өөрөөр хандаж байсан тохиолдол бол байхгүй.

Тан шиг нисгэгч болох мөрөөдөлтэй охид бүсгүйчүүддээ юу гэж захих вэ?

-Нисгэгч болоход тавьдаг бүх шаардлагуудад нь тэнцчихвэл уг нь тийм ч айхтар хүмүүсийн боддог шиг хүнд хэцүү ажил биш. Хүнд хэцүү зүйл мэдээж гарах ч нэгэнтээ сонирхож дурлаад, хийж үзэх хүсэлтэй байгаа бол эцсийг нь үзэх хэрэгтэй л гэж хэлмээр байна даа.