“ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” УРАЛДААНД УРЛАГИЙН 6 СУРГУУЛЬ ӨРСӨЛДӨНӨ
Нийтлэлч: Familycenter.mn

НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хүний эрхийн өдрийг хүртэл 16 хоног үргэлжилдэг. Анх 1991 онд олон улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл дэлхийн 180 улс орон энэхүү нэгдэж дээрх 16 хоногийн аяныг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1997 онд анх “Хүчирхийлэлгүй өдөр” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэж өдгөө 26 дахь жилдээ дээрх аяныг зохион байгуулж байна.

Энэ жилийн ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аян, арга хэмжээний талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, найруулагч Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.

Асуулт 1: Энэ жил зохион байгуулагдах ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хүргэхгүй юу?

НҮБ-ын Хүн амын сангаас жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар 7 чиглэл бүхий стратегийг боловсруулсан байгаа. Respect буюу хүндлэл гэсэн үгний эхний үсгүүдээр энэхүү стратегийг боловсруулсан. Тухайлбал:

R relationship skills strengthened -Харилцааны чадавхыг бэхжүүлэх

E еmpowerment of women- Эмэгтэйчүүдийг чадавхжуулах

S services ensured- Найдвартай үйлчилгээг үзүүлэх

P poverty reduction- Ядуурлыг бууруулах

E environments made safe- Хүрээлэн буй орчныг аюулгүй болгох

C child and adolescent abuse prevented- Хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг үйлдэгдэх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

T transformed attitudes, beliefs, and norms- өөрчлөгдсөн хандлага, итгэл үнэмшил, хэм хэмжээг эрхэмлэе гэсэн 7 чиглэлээр хүндлэл стратегийг барьж ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалсан. Энэ жил Монгол Улсад зохиогдох Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг хүндлэл стратегийн хүрээнд хөрөнгө оруулалтыг тухайн салбар бүрт нь хийх төлөвлөгөөг бид боловсруулаад байна. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба НҮБ-ын Хүн амын сан руу дээрх 16 хоногийн аяныг зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Ингэхдээ оюуны хөрөнгө оруулалтад анхаарал хандуулж, соёл боловсролын салбарыг энэхүү аян арга хэмжээнд татан оролцуулж идэвх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын Ерөнхий газартай хамтран энэ удаагийн 16 хоногийн аяныг зохион байгуулахаар болсон.

                                                                                                                     

Асуулт 2: Боловсролын Ерөнхий газартай хамтран дээрх аяны хүрээнд ямар ажил арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа вэ?

 

НҮБ-аас гаргасан 7 стратегийн хүрээнд энэ жилийн аяныг “Хүндлэл-Хамгийн тод гэрэл” уриан дор зохион байгуулах гэж байна. Ингэхдээ боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн 6 их дээд сургуулиудын дунд “Хүндлэл-Хамгийн тод гэрэл” нэртэй гурван үе шаттай уралдааныг зохион байгуулах гэж байна. Яагаад заавал урлагийн сургуулиудын дунд гэж хүмүүс гайхаж байж магадгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын нэг чухал хэсэг нь соён гэгээрүүлэх ажил байдаг. Олон нийт рүү бүтээлээ туурвидаг соёл урлагийн салбар соён гэгээрүүлэх ажлыг түүчээлдэг. Ирээдүйн шилдэг уран бүтээлчид суралцаж буй эдгээр урлагийн сургуулийн оюутнуудыг энэхүү тэмцээнд оролцуулж хүний эрхийн мэдрэмжтэй, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцоогоо нэмэгдүүлэхэд нь бид оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тиймээс  “Хүндлэл-Хамгийн тод гэрэл” уралдааныг СУИС, КУДС, МҮИС, Сити дээд сургууль, Их засаг олон улсын их сургууль, Их засаг их сургуулийн харьяа Боловсрол соёл эрх зүйн  дээд сургуулиудын дунд уралдааныг зохион байгуулж байна.

 

Асуулт 3: “Хүндлэл-Хамгийн тод гэрэлуралдаан 3 үе шаттай зохион байгуулагдана гэлээ. Эдгээр сургуулиуд хоорондоо хэрхэн өрсөлдөх вэ?

 

Дээрх зургаан сургууль руу бид удирдамжаа хүргүүлсэн. Үүний дагуу сургуулиуд тэмцээнд оролцохоо илэрхийлж мэдүүлгээ манайд ирүүлсэн. Бид 11 дүгээр сарын 03-ны өдөр эдгээр сургуулиудын уралдаанд оролцох оюутнуудын төлөөлөл, багш мэргэжилтнүүдийг дуудаж техникийн зөвлөгөөнийг хийсэн. Мөн энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ЦЕГ, ХЭҮК зэрэг байгууллагуудаас хүний эрхийн үндсэн ойлголт, гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн эсрэг контент хийх аргачлал, анхаарах зүйлсийн талаар сургалт орсон. Бид энэ талын мэдээллийг өгч байж уралдаанд оролцож буй оюутан багш нар маань хүний эрхийн мэдрэмжтэй, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий контент, бүтээлийг туурвих юм. Бид 11 дүгээр сарын 8-ны өдөр тодорхой сэдэв бэлдэж уралдаанд оролцож буй сургуулиудын дунд сугалаа явуулсан. Тухайн сэдвийн хүрээнд сургуулиуд тус бүр гурван постер бэлдэж ирнэ. Энэ бол уралдааны нэгдүгээр шат бөгөөд өнөөдөр постероо бидэнд ирүүлнэ. Уралдааны хоёрдугаар шат нь 2 хүртэлх минутын 3 видео бэлтгэх бөгөөд 11 дүгээр сарын 24-нд бидэнд ирүүлнэ. Уралдааны гуравдугаар шат 12 дугаар сарын 2-нд болох бөгөөд тэр өдөр бид шилдгээ шалгаруулна. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх оюутнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд бид уралдааны хугацаанд буюу 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 2-ны хүртэлх хугацаанд эдгээр зургаан сургуулиудын нийт оюутнуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий сургалтыг зохион байгуулна.

 

Агуулга 4: Уралдаанаар дамжуулж ирээдүйн бүтээл туурвигчдын мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлж байна гэж ойлголоо

 

Уралдааны хамгийн том үр дүн бол  жүжигчин, найруулагч, сэтгүүлчээр сурч төгсөж буй ирээдүйн соён гэгээрүүлэгчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж буй оюуны хөрөнгө оруулалт юм. Нөгөөтэйгүүр тэд соёлын салбарын бүхий л бүтээлдээ хүний эрхийн мэдрэмжтэй ханддаг, хүчирхийллийг илт сурталчилдаггүй харин түүний эсрэг дуу хоолойгоо өргөж чаддаг уран бүтээлч  цаашлаад соён гэгээрүүлэгч болох явдал юм.

 

Уран сайхны кинон дээр жишээ аваад үзье. Монгол Улсад жилд кино театрт 45-60 орчим кино нээлтээ хийдэг. IPTV эсвэл төлбөртэй платформуудад үүнээс нэг дахин их кино болон кино контентууд гарч байна. Эдгээр уран бүтээлүүдийг 8 настай балчираас 80 настай буурал хүртэл үзэж байгаа. Харамсалтай нь сүүлийн үед монголын кино уран бүтээл хэтэрхий их харгислалтай, хүчирхийллийг ил тод харуулсан хэлбэртэй болж байгааг иргэд үзэгч шүүмжилдэг. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Кино урлаг дотроо драм, мелодрам, адал явдалт, гэмт хэрэг зэрэг олон төрөл жанртай. Бид урлагийн аль нэг төрлийг хориглож болохгүй. Гэмт хэргийн төрлийн эсвэл нууц нь хожмоо тайлагдах, эсвэл триллер киног бид соён гэгээрүүлэх ажил хийж байна гээд хориглож болохгүй. Эдгээр төрөл жанрын кино хийгдэх ёстой, хөгжих ёстой. Гэхдээ кинондоо уран бүтээлч нь илүү судалгаатай хандаж кинонд тоглож буй уран бүтээлчид, түүнийг үзэж буй үзэгчид хэт их хүний эрхэнд халдсан, хүйсийн тэгш бус байдлыг дэвэргэсэн, бага насны үзэгчдийн боловсролд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэлбэрээс зайлсхийж мэдрэмжтэй ханддаг байх хэрэгцээ үүссэн. Нөгөө талдаа тийм уран бүтээлчдийг бий болгох нь хамгийн чухал байгаа юм. Урлагийн бүх төрөлд гоо зүй, этик, ёс зүйг барьж болох юм шүү гэдгийг л ойлгуулах хэрэгтэй байна.

 

Ярилцсанд баярлалаа.