ХҮҮХДҮҮД ЮМАА БУЛААЦАЛДАХ ЮМ АА

Сүүлийн үед ихэр төрөлт ихэссэн. Манай Улсад 2019 оны байдлаар 18 хүртэлх насны 18.228 ихэр хүүхэд байна гэсэн судалгаа байна. Ихэр хүүхдүүдээс гадна нас ойролцоо тэрсхэн өсөж байгаа хүүхэд яг л ихрүүд шиг байдаг. Яаж зохицуулах вэ? Яаж хоорондын харилцааг эв түнжинтэй байлгах вэ? Юмаа булаацалдах, эсхүл хоорондоо барьцалдахыг нь хэрхэн болиулах вэ? зэрэг эцэг эхчүүдийн өмнө олон асуудлууд тулгардаг. Юуны өмнө энэ асуудал зөвхөн танд тулгарч байгаа асуудал биш юм. Энэ дэлхийн ойролцоо насны хүүхэдтэй хүмүүст адилхан тулгардаг асуудал. Танай л хүүхдүүд сахилгагүй, та хоёр муу аав ээж гэсэн үг биш шүү.

Тэгвэл эцэг эхчүүдийн дунд түгээмэл тулгардаг энэ асуудалд хүүхэд, гэр бүлийн зөвлөх Э.Дуламсүрэн дараах зөвлөгөөг өгч байна.

Яагаад ойролцоо насны хүүхдүүд хоорондоо муудалцаж, юм аа булаацалддаг вэ?

  • Бага насны хүүхдүүд өөрийн зан аашаа удирдаж арай сураагүй байдаг.
  • Заримдаа тоглоомоо булаалгах, хүссэн зүйлээ ав чадахгүй бол эрх мэдлээ алдаж буй мэдрэмж хүүхдэд төрөх нь бий.
  • Түрүүлж авах, томыг нь авах нь авсан хүүхдэд таатай сайхан санагддаг бол, үлдсэн хүүхдэд гомдолтой санагдаг.

Яах ёстой вэ?

  • Булаацалдахгүй байхаар төлөвлөж юм авч өгөөрэй. 1 алим байгаа бол яг тэнцүү хуваагаад өгч болох юм.
  • Хамтад нь ярилцаарай. Хоёуланд нь хайртай гэдгээ хэлээрэй. Адилхан хайртай гэдгийг ойлгуулаарай.
  • Тохиролцоо хийж болно.
  • Боломжтой бол санал болон сонголтоо шууд тулгахгүйгээр гарц шийдлийг өөрсдөөр нь гаргуулахыг хичээгээрэй.
  • Бие биетэйгээ муудалцах, эсхүл тоглоомоо булаацалдах шаардлагатай эсэх талаар ярилцаж болно.
  • Өөрийн зан байдлаа хэрхэн удирдах талаар зөвлөж болно. Уурлаж, түрэмгий зан гаргаж байгаагийн учир шалтгаан, түүнийгээ хэрхэн удирдах уу? Уур бухимдлаа хэрхэн даван туулах талаар онцгойлон этгээд араншин гаргаж байгаа хүүхэдтэйгээ хувьчлан ярилцаж болно. Ингэхдээ ийм сайн хүүхэд, яагаад ийм зан гаргаад байна гэх мэтээр зөвлөгөө өгөөд, надад ч гэсэн ийм асуудал тулгардаг. Бид заримдаа бухимддаг. Тэглээ гээд үүнийгээ өөр хэн нэгэнд гаргах нь зохимжгүй. Гэртээ ганцаараа амьдраагүй учраас бие биеэ хайрлаж, хүндлээрэй. Өөр хүн чамайг гомдоовол муухай санагдана. Яг түүнтэй адил нөгөө хүн бас гомдож байдаг юм гэх мэтээр ярилцаж болно.
  • Гэр бүлийн хурал хийж болно. Бүгдээрээ том жижиггүй тойрч суугаад, гэр бүлд нь ямар асуудал байна, бас ямар шийдэх ёстой асуудал байгааг хэлэлцээд тухайн хурлаараа хүүхдүүдийн маргааныг авч хэлэлцэж болох юм. Ярилцлагыг дагуу бүх хүнээс санал авч, бас шийдлийг ярилцаж сургавал, тэд том болоод асуудлыг гаргаж ирж чаддаг бас өөрийнхөөрөө шийдвэрлэх, гарцыг хэлэлцэж сурна.

Залуу гэр бүлийн хувьд энэ мэт олон асуудал гарна. Энэ нь ч зүйн хэрэг. Хэрвээ, хүүхдээ хүмүүжүүлэхэд асуух зүйл гарвал өөрсдийн аав ээжээсээ асууж болох юм. Мөн мэргэжлийн хүмүүсээс тухайлбал, багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээс асууж болно.

Хүүхэд чинь том болохын тулд та 2-ыг харж суралцана. Үр хүүхдэдээ бахархан дуурайх, үлгэрлэн жишээ болох ээж аав нь байгаарай. Танд амжилт хүсье.