Э.ДУЛАМСҮРЭН: ЗАЛУУ ХОСУУДЫН ХАРИЛЦАА, ХАНДЛАГА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

 

Залуу гэр бүлүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх тухай хүүхэд, гэр бүлийн зөвлөх Э.Дуламсүрэнтэй ярилцлаа.

 

Жирэмсэн ээжийн сэтгэл зүйн хямрал ирээдүйн хүүхдийн зан төлөвт нөлөөлдөг үү?

Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ хамгийн эмзэг үедээ байдаг. Санаа зовних, түгших мэдрэмжүүд ч маш их төрнө. Энэ нь эмэгтэйн биед гарч байгаа дааврын өөрчлөлт, жирэмсний хордлого гэх мэт хүчин зүйлс нөлөөлөхөөс гадна хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, ирээдүйд хэн болгох ямар орчинд өсгөх зэрэг асуудлуудад жирэмсэн эмэгтэй санаа зовж түгшдэг. Орчин үед мэдээллийн их урсгал ч сайн болон сөргөөр нөлөөлж байна. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, үнийн өсөлт, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг болон бусад сөрөг мэдээлэл нь жирэмсэн эмэгтэйд сэтгэл зүйд нөлөөлдөг.  Үүнээс болж нойргүйдэх, сэтгэл гутрах, хоолны дуршил өөрчлөгдөх зэргээр хямарч болох юм. Хүн бүр өөр. Хувь хүний даван туулах чадвар, нас, туршлага, тухайн хүний биеийн онцлог зэргээс хамааран зарим бүсгүйн хувьд маш хүндээр тусгаж авч байхад, өөр нэгний хувьд тийм ч хүндээр тусгаж авахгүй байж болно.  Хямарч байгаа хөл хүнд бүсгүйд “Хүн бүр л төрдөг ш дээ, чи одоо яагаад байгаа юм вэ?” гэх мэтээр битгий буруутгаж харилцаарай. Жирэмсэн эмэгтэй гаднаа хэвийн юм шиг байдал гаргаж байж болох ч дотоод сэтгэлдээ хямарч, зовниж байж болох юм гэдгийг бас анхаарвал зохилтой. Ээжийн сэтгэл зүйн байдал хүүхдэд мөн нөлөөлнө. Залуу гэр бүлийн хувьд анхны жирэмслэлт, төрөлт гээд бүх зүйлд анхлан суралцаж байдаг учраас эмчдээ үзүүлж, байнга зөвлөгөө авч байхыг сануулж байна. Таны эхнэр жирэмсэн бол, эхнэртээ маш их анхаарал тавьж, ойлгож харилцаарай. Бие махбодын болон сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гарч байгаатай холбогдуулан нөхрийн зүгээс ярилцаж, ямар байгааг нь мэдэрч, ойлгож харилцах нь, зөв дэмжлэг үзүүлэх нь гэргийд тань болоод удахгүй мэндлэх үрд чинь хэрэгтэй. Та хоёр хүнийг халамжилж, хайрлаж байгаагаа мартаж болохгүй.

Хүүхдийн суурь хүмүүжил бага наснаас нь зөв тавигдах ёстой талаар мэргэжилтнүүд ярьдаг. Ингэхийн тулд эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

Хүүхэд бол эцэг эхийн толь бөгөөд амьдралд хэрхэн биеэ авч явах үнэ цэн, хайр асралтын талаар гэр бүлээсээ суралцдаг. Хайранд өлгийдүүлж, мэдэрч өссөн хүүхэд бусдыг өрөвдөж, хайрлан,бусдад хүндэтгэлтэй ханддаг сурдаг. Хүүхдүүд маань аливааг заагаагүй байхад сурчихсан, аль хэдийнээ мэдэрчихсэн, ойлгочихсон байдаг боллоо. Дэлхий ертөнц, байгаль, нийгмийн амьдрал өөрөө ийм хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед ухаант хүний хөгжил хурдан явагдах нь бодит зүйл бөгөөд жам ёсны үзэгдэл. Хөгжлийн хурдтай, эрчтэй энэ л үед хүүхдийг хүмүүжүүлэн сургах арга барилдаа үндсэн зарчмаа баримтлан, тухайн хүүхдийн нас, бие хөгжлийн онцлогт тохируулан, хүүхдээ зөв сайн хүн болгон хүмүүжүүлэх суурь зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай юм.

Залуучуудын хүүхдээ хүмүүжүүлэх хандлага, арга барил нэлээн өөрчлөгдсөн, хүүхдийн хүмүүжлийн талаар сонирхож судалж, сургалтад хамрагдаж мэдээлэл авсны үндсэн дээр хүүхдээ ойлгож хүмүүжүүлэхийг зорьдог болсон нь сайшаалтай. Сүүлийн үед эцэг эхчүүдтэй уулзахад би хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар ном уншсан, сургалтад суусан гэж ярьж байгаа эцэг эхчүүдтэй цөөнгүй таарах болсон. Мөн хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ зөвлөгөө авъя гэж байгаа хандлага нь маш зөв юм.

Хүний амьдрал баян. Баяртай, гунигтай, бараантай эрээнтэй өдрүүд ээлжилдэг. Эцэг эх нь тулгамдсан асуудал бэрхшээлийг зөв шийдэж байгааг нь хүүхэд харж, тэрнээс нь суралцана. Гүн ухаантнуудын “Эцэг эх шударга, зөв хандлага, ёс суртахуунтай бол үр хүүхэд нь сайн иргэн болж төлөвшинө” гэсэн ишлэл ч бий. Тиймээс залуу хосуудын хоорондын харилцаа, хандлага нь хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг байна.

 

Хүүхдийн буруу үйлдлийг эцэг эхчүүд хэрхэн зөв ойлгуулах вэ? Тэгэхийн тулд яах ёстой вэ?

Хүн насан туршдаа суралдаг. Алдаа ч гаргана, амжилт ч гаргана. Хүүхэд энэ бүхэнд суралцаж байгаа. Алддаггүй хүн гэж энэ хорвоод үгүй. Алдаа нь нөгөө талаар суралцах боломж юм. Ялангуяа хүүхэд алдаа гаргах нь түгээмэл. Үүнийг нь загнаж, шүүгээд байх юм бол хүүхэд алдаагаа нуух хандлагатай, буруу зүйл хийхээрээ бусдыг буруутгах, худлаа хэлэх гээд байдаг. Тийм учраас залуу эцэг эхчүүдэд зөвлөхөд, хүүхэд чинь алдаа гаргахад үүнийг засах, залруулах, хүүхдээ хүмүүжүүлэх боломж гэж хүлээж аваарай. Тайлбарлан таниулахдаа эв зүйгээр ойлгуулах, ярилцах, ямар асуудал гарав, цаашид юунд анхаарах вэ гэх мэтээр ярилцаарай. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ.

Зарим үед эцэг эхчүүдийн нэг нь өмөөрч, нөгөө нь загнах дүрийг өөрсдөдөө авч хүүхэдтэйгээ харилцаж байгаа харагддаг. Ээж нь тухайн зүйлийг буруу гэж зэмлэх үед, аав нь за яах гэж хүүхэд загнаад байгаа юм гэх мэт. Энэ бол маш буруу зүйл бөгөөд үүний цаана хүүхэд тухайн зүйлийг буруу эсхүл зөв болохын аль нь болохыг ойлгодоггүй. Харин ээж муу, аав сайн хүн гэж ойлгох хандлага байна. Үүний дараа асуудал гарвал өөрийг нь өмөөрнө, буруутгахгүй гэх хүндээ хандах нь бий. Уг нь бол буруу бол буруу. Дахин буруу үйлдэл гаргахгүйн тулд ээж аав нь, томчууд нэг байр суурьтай байх нь чухал юм. Ингэж өссөн хүүхэд зөв, чигч шулуун шударга нэгэн болж төлөвшдөг.

Хүүхдээ хэрхэн яаж зөв хүн болгон хүмүүжүүлэх вэ?

Миний хувьд 2007 оноос хойш хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтыг эцэг эхчүүдэд зохион байгуулж, зааж сургаж байна. Эцэг эхчүүдээс хүүхдээ ямар хүн болгож өсгөхийг хүсэж байна вэ гэж асуухад зөв сайн хүн болгохыг хүсдэг гэж эцэг эхчүүд хариулдаг. Энэ дэлхийн аав, ээж бүрийн хүсэл нэг юм. Гэхдээ хүүхдээ яаж зөв сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх талаар ялгаатай байр суурь, үзэл бодол, арга барилтай байдаг.

Хүүхдээ зөв сайн хүн болгож өсгөн хүмүүжүүлэхийг хүсвэл

  1. Хүүхдээ ямар хүн болгохыг хүсэж байгаа зорилгоо тодорхой болоорой. Тэгээд тухайн зорилгоо бодож хүүхдээ хүмүүжүүлэх бөгөөд ойр зуур гарах саад бэрхшээлийг даван туулахдаа хэн болгохыг хүсэж байгаа зорилгодоо бодож хүмүүжүүлээрэй. Аав ээжүүд өөрөө ямар хүн болгохыг хүсэж байгаа тэр хүн нь байж, үлгэр жишээ үзүүлээрэй.
  2. Хүүхэдтэйгээ харилцахдаа элэгсэг найрсаг харилцаарай. Айх айдасгүй, өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой орчинд хүүхэд амар амгалан өсдөг.
  3. Хүүхдэдээ амьдралын ухааныг зааж өгөөрэй. Аливааг учирлан тайлбарлаж, зөвлөн тусалж байх нь хүүхдийг амьдрах ухаантай, бусдын мэдрэмжийг ойлгодог болгодог.
  4. Хүүхдийнхээ нас, бие хөгжлийн онцлог, хувь хүний зан араншныг ойлгож харилцаарай.
  5. Амьдралд гарах олон асуудлыг эергээр шийдвэрлээрэй. Нударгаараа биш, ухаанаараа амьдралыг авч явахад хүүхэд чинь суралцана.

Эцэст нь хүүхдээ зөв сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлье гэвэл залуу гэр бүлүүд хоорондоо найрсаг сайхан харилцаж, бие биедээ хүндэтгэлтэй харилцахыг зөвлөж байна. Хүүхэд чинь амьдралыг харж суралцаж байгаа учраас та хоёрын үг, үйлдэл чухал шүү гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа