Т.ОКТЯБРЬ: АЙЛЫН ХӨРГӨГЧИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРДАГ

Төрийн анхан шатны нэгж болох хороо, суманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хамтарсан баг ажилладаг. Хороо, сумын засаг даргаар ахлуулсан хамтарсан багт нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл багтдаг. Хамтарсан багийн гишүүн нийгмийн ажилтан ямар үүрэгтэй, тэд хэрхэн ажилладаг талаар СХД-ийн 3-р хорооны нийгмийн ажилтан Т.Октябрьтай ярилцлаа.

Хорооны хамтарсан багийнхаа талаар танилцуулахгүй юу. Танай хороо хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тал дээр хэрхэн үйлчилгээ үзүүлж ажилладаг вэ?

Хамтарсан багийн гишүүдээс хорооны нийгмийн ажилтан хамгийн чухал үүрэгтэй гэж би хувьдаа боддог. Товчхондоо хамтарсан багийн багана нь юм. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч буюу кейс дээр бид очиж нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Түүний дараа хохирогчид хамгаалал, тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай хорооны тухайд 108,102 тусгай дугаарт ирсэн дуудлагын дагуу очиж нөхцөл байдлын үнэлгээг хийдэг.  Үүний дараагаар хамтарсан баг хуралдаж шийдвэрээ олонхын саналаар гаргадаг. Бид хэсгийн байцаагч, хэсгийн ахлагчийн хамт хохирогчийн гэрт долоо хоногт хоёр удаа очдог. Өөрөөр хэлбэл хамтарсан баг хяналтдаа авч хохирогчийг сэтгэл зүйчтэй уулзуулах, ярилцах шаардлагатай гэж үзвэл хорооны эмчид хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Миний хувьд айлд нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ хамгийн түрүүнд тухайн айлын хөргөгчийг онгойлгож хардаг. Гэрт нь хүнс байна уу, долоо хоног цаашлаад сарын хэрэглээгээ хангах хүнсний хэрэглээ хэр байна гэдгийг харна. Үүний дараагаар гэр бүлийн гишүүдтэй уулзаж ярилцана. Энэ үед сэтгэл зүйн тестийг явуулдаг. Тулж харьцах боломжгүй хүүхдээр зураг зуруулдаг. Сэтгэл санаа нь ямар байгаа, ямар асуудал тулгараад байгаагаа илэрхийлж чадахгүй хүүхдүүдээр зураг зуруулдаг.  Ингэснээр тухайн гэр бүлд хүчирхийлэл байна уу, байвал хүчирхийлэгч нь хэн болох, ямар хэлбэрийн хүчирхийлэл үйлдэж байгаа тухай хүүхдийн зурсан зургаар мэдэх боломжтой.

Манай хорооны тухайд “Толгойт хороолол нутгийн хөгжлийн төв” ТББ-тай хамтран ажилладаг. Бид энэ төвөөр дамжуулж иргэдэд үнэ төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Нэг иргэн 4-5 удаа тухайн сэтгэл зүйчээс үйлчилгээ авсны дараагаар бид эмчээр үнэлгээ гаргуулдаг.

Тухайн бүс, байршлаас хамааран хүчирхийллийн арга хэлбэр янз бүр байдаг. Танай хорооны тухайд ямар төрлийн хүчирхийлэл зонхилон бүртгэгдэж байна вэ?

Манай хороо газар зүйн нутгийн хувьд онцлог. Хойшоо 36-р хороо, Урагшаа 20-р хороо, Баруун тийш 4-р хороо, Зүүн тийш 2-р хороотой хиллэдэг. Хороо ямар нэг тийш тэлэх боломжгүй. Манай хорооны иргэд хороондоо 10-20 орчим жил тогтвор суурьшилтай амьдарсан хүмүүс бий. Түр оршин суугчид ихэнхдээ нийтийн байранд амьдардаг. Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд түлхүү нийтийн байранд байр түрээсэлж амьдардаг. Дуудлага мэдээллийг харахад нийтийн байранд амьдардаг иргэдээс хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирэх нь их байдаг. Ахуйн хүрээний архидалт, архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл их бүртгэгддэг. Хүнд хэлбэрийн кейсүүдийг дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс бүртгэж өөрсдөө хариуцан шийдвэрлэдэг.

Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн тоон судалгааг хийж байнгын хяналт тавьдаг гэж ойлгосон. Энэ үнэн үү?

Тиймээ нийгмийн ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа айлуудыг бүртгэж судалгаа гаргадаг. Үүний дараа хэсгийн ахлагчийн хамт тухайн айлд 7 хоногт хоёроос гурван удаа очдог. Давтамжтай дуудлага мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн хяналтад авдаг.

Хохирогчид үйлчилгээ үзүүлж байхад хүндрэлтэй тал юу байдаг вэ. Магадгүй тэр асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдсэн үү?

Өмнө нь бид хохирогч хамгаалах байргүй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үед өөр дүүргийн хамгаалах байр луу хохирогчийг хүргэж өгдөг байсан. Энэ үед шатахуун, унаа тэрэг зэрэг хэд хэдэн асуудал үүсдэг байсан. Харин өнгөрсөн жил манай дүүрэгт түр хамгаалах байр шинээр ашиглалтад орсон. Мөн дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс кейсийн зардлыг гаргаж өгдөг болсон. Ингэхдээ нэг кейсд унаа, бичиг хэргийн зардал зэрэг 43500 мянган төгрөгийг тооцож өгдөг. Энэ нь бидний ажилд их туслалцаа үзүүлж байгаа. Хамтарсан багт орж ажиллалаа гээд нэмэгдэл цалин хөлс урамшуулал байдаггүй учраас бид хохирогчид үйлчилгээ үзүүлэхийн тулд өөрсдийн унаа тэргээр хүргэж өгөх тохиолдол цөөнгүй байсан.

Сүүлийн үед надад нэг зүйл анзаарагдах болсон. Энэ нь хүчирхийлэл үйлдэгчид торгуулийн арга хэмжээ ногдуулахаар тэр мөнгийг гэр бүлээрээ төлж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн халааснаас торгуулийн мөнгө гардаг тохиолдлууд цөөнгүй бий. Нөхөр нь эхнэртээ хүчирхийлэл үйлдэж зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авсан гэж бодоход нөхөр торгуулиа төлөх биш эхнэр тэр мөнгийг нь төлж байх жишээний.  

Хорооны нийгмийн ажилтан хохирогчтой тулж ажилладаг учраас туршлагатай, мэдрэмжтэй, ур чадвар өндөртэй хүн байх ёстой гэж бодож байна. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

Тэгэлгүй яах вэ. Миний хувьд өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай учраас кейстэй тулж ажиллах тал дээр харьцангуй гайгүй гэж боддог. Хүчирхийлэл үйлдэгч болоод, хохирогч бүрт өөр тактикуудыг хэрэглэдэг. Тэр дундаа хүчирхийлэл үйлдэгчтэй хамгийн түрүүнд удаан хугацаагаар ярилцдаг. Жендер, хүйсийн асуудал ч гардаг талтай. Би өөрөө эрэгтэй хүн гэтэл хохирогч эмэгтэй надтай ярилцахаас илүүтэй эмэгтэй хүнтэй ярилцах хүсэлтэй байдаг явдал бий. Энэ үед сэтгэл зүйчийн хамт гэрт нь очиж хохирогчийг сэтгэл зүйчтэй уулзуулдаг. Нэг кейс дээр сар орчим магадгүй түүнээс их хугацаагаар ажилладаг.

Ярилцсанд баярлалаа.