М.САМПИЛНОРОВ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЖИЛ ГЭДЭГ АЛБАДЛАГААР ХИЙДЭГ ЗҮЙЛ БИШ

Хамтарсан багийн үйл ажиллагааны талаар СХД-ийн 36-р хорооны засаг дарга М.Сампилноровтой ярилцлаа.

СХД-ийн 36-р хорооны хамтарсан багийн үйл ажиллагааны тухай танилцуулахгүй юу.

Хамтарсан баг гэдэг ойлголт Монгол Улсад шинэ зүйл. Гэхдээ хамтарсан багийн оролцоог нэмэгдүүлж, чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлууд зохион байгуулагдаж байна. Өмнө нь хамтарсан баг өөрийн гэсэн зардалгүй, үйл ажиллагааны чиглэл нь гурван сайдын хамтарсан тушаалаар явдаг байсан бол энэ асуудлыг хуульчилж өгснөөр эрх зүйн орчин сайжирч, хамтарсан багийн үүрэг хариуцлага нэмэгдэж салбар дундын уялдаа холбоо нэмэгдсэн гэж хардаг.  

Манай СХД-ийн 36-р хороо 2019 онд шинээр үүсэн байгуулагдсан отгон хороо. Шинэ бүрэлдэхүүнээр бид ажиллаж байна. Гэхдээ хамтарсан багийн хувьд өмнө ажиллаж байсан туршлагатай хүмүүс манай багт бий. Цагдаагийн байгууллагын 102, хүүхдийн тусламжийн 108, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 107 зэрэг тусгай дугааруудаас дуудлага мэдээлэл ирдэг. Дуудлага бүртгэгдсэн даруйд манай хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээ хийж  хуралдаан зохион байгуулж шаардлагатай ажил арга хэмжээг авч ажилладаг. Нутаг дэвсгэрийн хувьд 100% гэр хороолол. Мөн Нарангийн энгэрийн оршуулгын газар, Улаанчулуутын хогийн цэг манай хороонд байршдаг. Хорооны нийт хүн амын дийлэнх хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн хүмүүс бий. Ажилгүйдэлтэй холбоотойгоор ахуйн хүрээний архидалт, түүнээс улбаатай хүчирхийллийн дуудлага мэдээлэл түгээмэл бүртгэгддэг. Тиймээс манай хамтарсан багийн тухайд 3 ба түүнээс дээш давтамжтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн өрхүүдийн судалгааг гаргаж хяналт тавьж ажилладаг. Энэ өрхүүд рүү илүү хяналт тавьж  хамтарсан баг тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилладаг.

Өнгөрсөн жил хамтарсан баг хорооны 6 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулсан. Эмчилгээнд хамруулаад орхих бус эдгээр хүмүүсийг ажлын байранд зуучлах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх зэргээр байнгын эргэх холбоотой ажиллаж байна.

Иргэд хамтарсан багийн үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл хэр байна вэ?

Нэг үеэ бодвол иргэд олон нийт хамтарсан багийн үйл ажиллагааны тухай тодорхой ойлголттой болсон байна. Энэ нь сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын хэмжээнд бид хамтарсан багийн үйл ажиллагааг тэр дундаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг таниулж байгаатай холбоотой болов уу гэж харж байна. Нөгөөтээгүүр иргэд сошиал сувгаар дамжуулж энэ төрлийн мэдээллийг хүлээн авч мэддэг болжээ.

Манай хамтарсан багийн тухайд харьяаллынхаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай хамтран тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг сургууль цэцэрлэгийн багш ажилтнууд болон сурагч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулдаг.

Мөн хэсгийн ахлагч нараас судалгаа авч эрсдэлийн үнэлгээг хийлгэдэг. Ингэснээр нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг зохих түвшинд үзүүлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах асуудалд хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жил түр хамгаалах байртай болсон. Ингэснээр бид дүүрэг орон нутагтаа хүүхэд хамгааллын үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх боломжтой болсон. Хүүхэд хамгааллын ажил гэдэг албадлагаар хийдэг зүйл биш. Энэ ажилд хүн сэтгэл гаргаж ажиллах ёстой гэж би боддог. Тиймээс ямар ч ажил албан тушаал эрхэлдэг бай хүүхэд нэгдүгээрт гэсэн зорилтоор анхаарал хандуулж ажилладаг байх нь чухал юм.

Энэ онд танай хамтарсан баг ямар зорилт тавьж ажиллаж байна.

Манай хамтарсан баг 2024 онд хорооны хэмжээнд хүүхдийн эрсдэлгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөөд байна. Учир нь манай хороонд Улаанчулуутын хогийн цэг байршдаг. Өдөр бүр хог ачсан автомашин зорчдог учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарч хүүхдүүд осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тодорхой ажил арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Цаашид хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулахын тулд яах ёстой гэж харж байна?

Хамтарсан багийн гол хүн нь нийгмийн ажилтан байдаг. Нийгмийн ажилтан ямар ч эрсдэлтэй нөхцөлд гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн үнэлгээг заавал хийх ёстой. Энэ утгаараа нийгмийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулж эрх зүйн орчныг сайжруулаасай гэж хүсдэг. Нөгөөтээгүүр нийгмийн ажилтан хамтарсан багийн ажлаас гадна маш олон ажил хариуцаж хийдэг. Энэ утгаараа нийгмийн ажилтны эрэлт өндөр байгаа ч мэргэшсэн нийгмийн ажилтан ховор байна. Тийм учраас хамтарсан багт хүүхэд хамгааллын нийгмийн ажилтан гэдэг орон тоог шинээр оруулаасай гэж боддог. Хэрэв ингэж чадвал хүүхэд хамгааллын нийгмийн ажилтан нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлийн ажлаа дагнан хариуцаж нөгөө нийгмийн ажилтан нь иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарч ажиллавал хүртээмж нэмэгдэнэ.

  Ярилцсанд баярлалаа.