Асрамжийн газар амьдарч байгаа хүүхдүүдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдахад тулгарч буй асуудлын талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл хүүхдийн төв”-д хичнээн хүүхэд асрамж халамжийн үйлчилгээ авч байна вэ?
Монгол Улсын хэмжээнд 20 байгууллагын 29 асрамж халамжийн төвд 924 хүүхэд үйлчилгээ авч байна. Өнөөдрийн байдлаар манай төвд 146 хүүхэд амьдарч байна. Бага насны 53 хүүхэд, өсвөр насны 93 хүүхэд байдаг. 1-7 жил амьдарч байгаа 100 хүүхэд, 8-14 жил болж байгаа 46 хүүхэд байна.
Хүүхдүүдийг эцэг эх нь өөрсдөө танай төвд аваачиж өгдөг үү?
Дүүрэг, орон нутгийн засаг даргын захирамжийг үндэслэн хүүхэд хүлээн авдаг. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан баг ажиллаад нөхцөл байдлын үнэлгээг хийдэг. Олон удаагийн давтамжтай хүчирхийлэлд өртсөн хүүхдийг асрамжийн газар хүргүүлэхээр хамтарсан баг шийдвэрээ гаргаад дүүргийн засаг даргадаа ханддаг. Дүүргийн засаг дарга уг асуудлыг судалж хүүхдийг манай төвд ирүүлдэг. Хүүхдээ хүчирхийлсэн, үл хайхарсан хүүхдийн эцэг эхэд зөрчлийн хууль, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэвч түүний дараа эцэг эх асрамжийн газар ирсэн хүүхдээ орхиод дараагийн амьдралаа үргэлжлүүлнэ. Үүний оронд засаг дарга шийдвэр гаргахаасаа өмнө шүүхэд хандаж шийдвэрлүүлдэг баймаар байна. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа хүүхдийг асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах нь зохистой гэж боддог.
Төр асрамж халамжийн төвд байгаа хүүхдүүддээ хэрхэн анхаарал хандуулдаг юм бэ?
Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу эдгээр хүүхдүүдийг асарч, халамжлан, эрүүл саруул өсгөн бойжуулж, эрдэм боловсролтой, зөв хүн болгон төлөвшүүлэхэд анхааран ажиллаж байна. Гэхдээ төрийн байгууллага гэхээсээ илүүтэй зарим нэгэн эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулмаар байна. Хүүхдээ асрамжид даатгачихаад өөрийн эрх ашгийг 1-р тавьж, дахин хүнтэй сууж, хүүхэд гаргаад явах юмаа. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх талаар уулзаж хэлэхэд “Би хүнтэй суучихсан, нөхөртөө болон хадмууддаа хүүхэдтэй гэж хэлээгүй, эсвэл хамт амьдарч байгаа хүн маань хүүхэдтэй маань таардаггүй юмаа”, би өөрийн гэр оронгүй, ажилгүй байна гэсэн шалтаг тоочсон, эцэг эх байх эрхээ хязгаарлуулаад хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болоход эрхээ сэргээлгэх хүсэлт гаргадаггүй гэх мэтчлэн шалтгаантай нилээдгүй эцэг эхчүүд байна. Тэд Эрүүл саруул, хөдөлмөрийн чадвартай хэрнээ хүүхдүүд өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийж байгаа нь их харамсалтай санагдаж байна. Эдгээр хүмүүсийг хүүхдийнхээ өмнө хуулиар хүлээн үүргээ хэрхэн биелүүлэх, ухамсарлуулахад нь анхаарлаа хандуулах, хариуцлагын механизмыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эцэг эх байх эрхийг хасах, түтгэлзүүлэх тухай зохицуулалт орсон байсан? Ингэснээр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж ойлгож байгаа?
Шүүхээс эцэг эх байх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарладаг. Эцэг эх хэзээ эрхээ сэргээлгэх хүсэлт гаргана тэр үед л сэргээгдэнэ. Манайд ирж байгаа хүүхдүүдийн эцэг эх эрхээ сэргээлгэх хүсэлт гаргасан явдал байхгүй. Ийм үед хэн хохирч байна. Хүүхэд хохирч байна. Хүүхэд эцэг эхийнхээ хайр халамжид өсөж торниж чадахгүй асрамжийн газар байна. Хэдийгээр төрийн халамжид ирсэн ч гэсэн хүний хайрлагдах жам ёсны эрх нь алдагдаж байна. Эцэг эх байх эрхээ хасуулсан эцэг эх дахин гэрлэж хань ижилтэй болоод хүүхэд гаргана. Гэтэл өмнөх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хүүхдийн тэтгэмж өгөхгүй байж болох уу? Чи архи уудаг учраас төр хүүхдийг чинь авлаа чи амьдралаа бод гээд хаядаг баймааргүй байна. Харин тухайн эцэг эхээр хөдөлмөр эрхлүүлж ажилтай орлоготой болгож тэр хүүхдүүдэд тэтгэмжийг нь олгуулдаг баймаар байна.
Танай төвд байгаа хүүхдүүд нийгмийн халамжийн тэтгэлэг, тэтгэмж авч чадаж байгаа юу?
Манай хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид ямар нэгэн зөрчилгүйгээр бүрэн хамрагдаж байгаа. Төвд анх ирсэн үеэс нь БЗД-ийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, төрийн банктай гурвалсан гэрээгээр хүүхдийн мөнгөн тэтгэмж нь тухайн хүүхдийн дансанд ороод хуримтлагддаг. Манай нийгмийн ажилтнууд сар бүрийн 5-ны дотор банкан дээр очиж бичилтүүдийг нь хийлгэж, судалгааг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хүргүүлдэг. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхдүүд олон бий. Хоёр хүүхэд авдаг. Гэхдээ тэр хоёр хүүхэд маань манайд ирэхээсээ өмнө тэтгэмжээ тогтоолгоод ирсэн хүүхдүүд. Бусад хүүхдийн тухайд танай байгууллага төрөөс санхүүжилт авдаг асрамжийн газар учраас тэтгэмж олгох боломжгүй гэдэг тайлбарыг өгдөг. Уг нь энэ тэтгэмжийг авсанаараа хүүхдийн өөрийнх нь дансанд орж ирээдүйд нь хуримтлал болох юм.
Эдгээр хүүхдүүдэд нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэлэг олгох эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?
Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хувьд асран хамгаалагч нь иргэн байх ёстой гэдэг хуулийн заалтаар хувийн асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд авах боломжтой байдаг. Манай төвийн хувьд төрийн байгууллага гэдгээрээ авах боломжгүй байгаад байдаг. Учир нь төрөөс эдгээр хүүхдүүдийг асран халамжилж, тэжээн тэтгэх үүргийг нь гүйцэтгэж байна гэж үздэг. Уг нь эдгээр мөнгө энэ хүүхдүүдэд олгогдоод хүүхдийн дансанд хуримтлал болох зохицуулалт хийчихвэл эдгээр хүүхдүүд 18 насанд хүрээд амьдралд хөл тавихад амьжиргаагаа залгуулах, орон байраа шийдэх амьдралын баталгааны эх үүсвэр болно гэж миний хувьд үздэг. Бүтэн өнчин хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид бүрэн хамрагдаж чадахгүй байна. Нийгмийн халамжийн тухай хуульд "бүтэн өнчин хүүхэд" гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг тооцно гэж тодорхойлдог. Үүнд хамаарагдаж байгаа хүүхдүүд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авахдаа эцэг эхийн нас барсны гэрчилгээ, лавлагааг шаарддаг. Гэтэл эцэг эх нь нас барснаас бусад тохиолдлоор бүтэн өнчинд тооцуулж байгаа хүүхдүүдийн хувьд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх зэрэг бүрдүүлэх материалаас шалтгаалан энэ үйлчилгээг авч чадахгүй байна.
Асрамж халамжийн төвд байгаа хүүхдүүдэд тэтгэмж тогтоолгох ажил хэр хугацаанд явагддаг вэ?
Манай төвд байгаа хүүхдүүдийн эцэг эхээс тэтгэмж тогтоолгохоор бид шүүхэд ханддаг. Гэвч шүүхээс тухайн хүүхдүүдийн эцэг эхийг эрэн сурвалжлуул, сураггүй алга болсон байна гэдэг. Цагдаагийн байгууллагад ханддаг ч хайсан хүн тийм ч амархан гараад ирэхгүй шүү дээ. Харин түүний оронд шүүх байгууллага хүүхдээ асрамжийн газар орхиод 5,10,15 жил болж байгаа эцэг эхийн эрхийг шууд цуцалж өгдөг эрх зүйн орчинг бид хүсээд байгаа юм. Ядаж л тэгэж чадвал манай төвд байгаа хүүхдүүд бүтэн өнчин гэсэн тэтгэлгээ авна.
Бид өмнө нь 2013 онд нэг хүүхдийн ээжийг хайлгуулахаар холбогдох газар хандсан. 2022 онд тухайн хүүхдийн ээж 10 жилийн өмнө өөд болсон байна гэсэн хариуг өгсөн. Хэрэв бид энэ тухай арай эрт мэдсэн бол хүүхдийг бүтэн өнчин гэж бүртгээд тэтгэмж тогтоолгочих байсан. Бүхэл бүтэн 10 жил эрэл хайгуул болсны дараа бид мэдэж байгаа юм. Тэгэхээр энэ асуудалд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байна уу гэж харж байгаа. Магадгүй шүүх эмнэлэг тухайн хүний нас барсан шалтгааныг тогтоосны дараагаар цагдаагийн байгууллага уг хэрэг дээр ажиллаад улсын бүртгэлд ханддаг л баймаар байна. Улсын бүртгэл дээр тухайн хүний нас барсан бүртгэлийг хийгээгүйн улмаас бид 10 орчим жил нас барсан хүнийг хайсан болж таарч байна.
Асрамж халамжийн төвд байгаа хүүхдүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байсан. Эдгээр хүүхдүүд насанд хүрсэний дараагаар хаачих вэ?
Өнөөдөр Монгол Улсад насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин байнгын асаргаа шаардлагатай залуусыг хүлээн авах урт хугацааны асрамж, халамжийн төв байхгүй байна. Одоогийн байдлаар манай төвд 18 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай 3 залуус амьдарч байна. Тэд бүтэн өнчин учраас хүлээж авах гэр бүл, ах дүү садан төрөл байхгүй байна. Өндөр настнуудыг хардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг зарим газрууд руу бид холбон зуучлах ажлыг хийж байна. СЭМҮТ-рүү зарим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ шилжүүлье гэхээр сэтгэцийн эмгэгээс болоод хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг авна гэдэг. Гэтэл манайд хүнд, хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй, дөрвөн мөчний саажилттай, аутизмтай хүүхдүүд байдаг. Тэд нарыг СЭМҮТ-д шилжүүлэх боломжгүй. Энэ хүүхдүүд 18-21 нас хүртлээ Өнөр бүл хүүхдийн төвдөө амьдарна. Түүний дараа яах вэ? гэдэг асуудал намайг одоо ч эмзэглүүлдэг. Тэдгээр хүүхдүүд гэр бүлгүй тосоод авах эцэг эхгүй, насанд хүрэхээр нь бид хаашаа явуулах вэ? Төр асрамжийн газар байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулан, арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг тусгай хэрэгцээт төвийг байгуулж өгөөсэй гэж хүсэж байна.
Асрамж халамжийн төвд байгаа хүүхдийг 18 нас хүрсэн гээд орхих биш цаашид эдгээр хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудал хамгийн анхаарал татаж байна.
Асрамжийн төвд захирамж гаргаж хүүхдийг хүлээлгэн өгч байгаа засаг дарга хүүхдээ хүлээлгэн өгөхдөө тухайн хүүхдийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх асуудлыг анхааран шийдвэрлэж, эцэг эхээс нь тэтгэлэг гаргуулан, дансанд нь хуримтлал үүсгэн, 18 нас хүрээд амьдралд хөл тавихад нь төлөвлөгөө гарган ажиллаж буцаад хүүхдээ насанд хүрэх үед нь хүлээж авдаг баймаар байна. Ингэхдээ тэр хүүхдийн ирээдүйн асуудлыг шийдвэрлэсэн, орон байр, амьдрах газар, сурч боловсроход нь дэмжин, сургалтын төлбөр, дотуур байрны асуудал, ажил мэргэжил гээд бүхий л зүйлд нь дэмжин тусалж, холбон зуучилж асрамж, халамжийн төвүүдтэй албан ёсны хамтын ажиллагаатай байх хэрэгтэй гэж үзэж байна. Эдгээр асуудал ганц “Өнөр бүл” хүүхдийн төвийн асуудал биш юмаа. Бусад асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд ийм асуудал мөн адил тулгардаг. Тиймээс шат шатандаа энэ асуудалд анхаарал хандуулж тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлж өгөөсэй гэж хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа.