Гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжилтай тогтвортой гэр бүлийг хэрхэн бий болгох, гэр бүлийн үнэт зүйлсийн талаар ярилцлаа.
-Та гэр бүлийг юу гэж тодорхойлох вэ?
-Нийгэмд гэр бүл гэдэг хоёр ойлголт байна. Ард иргэдийн хувьд их энгийн ойлголт. Түүнийг судална гэж юу байдаг юм гэсэн үзэлтэй. Нөгөө тал нь шинжлэх ухааны талаас судлах. Гэр бүл судална гэдэг бол гэр бүлийн харилцаа, гэр бүлийн амьдралын дотоод мөн чанарыг судлах юм. Дотоод мөн чанар гэдэг нь хүний сэтгэлийг судална гэсэн үг. Хүний сэтгэлийг гадна болон дотроос нь шинжиж мэддэг. Дотоод сэтгэлийн илэрхийлэл хүний царай төрхөнд илэрдэг. Дотоод сэтгэлийг л гэр бүл судлах ёстой. Судлахад олон шинжлэх ухаан орно. Тэр дотроос орчин үед сэтгэлийг судална. Харилцааг зөв хэрэглэх хэрэгтэй. Сэтгэл харилцаа хоёр чухал байна. Тийм учраас Монголчууд сэтгэлээ ямагт анхаарч цэгцэлж явах хэрэгтэй. Сэтгэл зөв байвал чи тогтоно. Эртний цэцэн үг байдаг. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас. Энэ үгтэй би санал нийлдэггүй. Уг нь “Сэтгэлээ засаад биеэ зас. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн бол илүү утга төгөлдөр болох байсан гэж хардаг.
-Гэрлэлтийн үнэт зүйл хаана оршдог вэ?
-Үнэ цэн, үнэт зүйл гэж хоёр тусдаа зүйлийг хооронд нь хольж яриад байна. Үнэ цэн гэдэг бол ямарваа нэг хүрээнд үнэлэгдчихсэн зүйл. Үе дамжуулаад авч яваад байх юм шүү. Гэр бүл, нийгэмд хэрэгтэй гээд тогтчихсон зүйл нь үнэт зүйл. Үнэт зүйлийн нэг суурь нь гэр бүл болох. Гэр бүлийг сайн тавих үндэс суурь бол гэрлэлтэд бэлдэх. Гэрлэлтэд сэтгэл зүйн талаас сайн бэлдвэл гэр бүлийн үнэт зүйл бий болно. Сүүлийн гурван удаагийн судалгаагаар гэр бүлийн үнэ цэн өөрчлөгдөж байна. Нийгмийн өөрчлөлт гэр бүлд тусдаг. Хүүхдүүд дунд сургуульд байхад шохоорхсон хайр их байна. Тэр насандаа амьдралыг романтик, мөрөөдлийн байдлаар төсөөлдөг. Насанд хүрээд ирэхээрээ бодит байдалд дасан зохицож эхэлдэг. “Амьдрал ямар билээ, суух гэж буй хүн минь хэн билээ” гэж боддог. Гэрлэлтийн гол үнэт зүйл, баримтлах зарчим юу вэ гэвэл “Жинхэнэ хайр. Зөв халамж”.
-Гэрлэхэд тохиромжтой нас гэж байгаа юу?
-Нууц товчоог судалж үзэхэд охидын хувьд хүний эхнэр, хүүхдийн ээж болоход 15-аас бэлэн болчихдог юм байна. Монгол хүний хөгжлөөр бол 10-аад наснаас ухаан ордог. 15- наснаас бие хүн болчихдог. Ийм ч учраас эрт үеэс эмэгтэйчүүд нь 15-22, эрчүүд нь 18-24 хооронд гэрлэдэг байсан уламжлалтай. Орчин үед цаг үеэ дагаад бидний хэлээр бол “Хожуу гэрлэлт” үүсч байна. Хожуу гэрлэлт 27 наснаас бараг 40 нас хүртэл байна. Энэ нь гаднын орнуудыг харж хожуу гэрлэх нь зүйтэй гэх үзлээс үүдэлтэй. Үүнийгээ гэрлэхээсээ өмнө орох байр, унах, машин, тодорхой ажил албан тушаалтай болчхоод гэр бүлтэй болно хэмээн хаацайлах болж.
Хорин тавны жил гэдэг бол Монголчуудын үзлээр хүний хөгжлийн оргил. Бие, хэл, сэтгэл гурав нь дээд цэгтээ хүрдэг. Энэ сайхан тохиромжтой өсөлтийнхөө хугацаанд гэр бүлтэй бол. Үр хүүхэдтэй бол. Уламжлалт гэрлэлтийн чиглэлээ барьж яваарай гэж захиж байна.
Хоёрдугаарт, гэрлэх насны хооронд зайг бодох хэрэгтэй. Нөхөр нь 5, 6 насны ах байвал гэр бүл тогтвортой байх үндэс болно. Ийм үед насаар ах нөхөр туршлагатай, бүсгүй залуу учир бие биенээ нөхдөг.
Манай уламжлалт зурхайд жилээр шинждэг. Би ямар жилтэй билээ? Миний нөхөр болох хүн ямар жилтэй билээ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Болохгүй бол хайраа тат. Амьдралаараа зовно.
-Гэр бүл, амьдралын ханиа сонгоход би өөрөө сэтгэлзүйн хувьд ч, бие махбодын хувьд ч ямар үед бэлэн болсон гэж үзэх вэ?
-Гэрлэнэ амьдарна гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Охин маань гэрлэх гэж байгаа гэж үзье. Би айлд очно. Өөр орчинд, өөр хүнтэй амьдарна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Манай уламжлалаар гурван жилийн дараа төрхөндөө буцаж очдог. Учир нь амьдралаа босго гэж байгаа юм. Ханиа тань, үр хүүхэдтэй бол. Хадамтайгаа харилцаж сур. Сүүлийн үед хотынхон өдөр нь хуримлачхаад орой нь “Энэ айл ийм байна, тийм байна” гээд гүйж очоод бараг хов базаж байна. Энэ тохиолдолд эцэг эх нь охиндоо ойлгуулах хэрэгтэй.
Би гэр бүлтэй болоход юу хийж чаддаг хүн бэ. Би ээж, аав, гэрээсээ юу сурсан гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд эхнэр хүн аятайхан хоол хийчихдэг байгаарай. Монгол эр хүний эхнэрээсээ хүсдэг нэг зүйл бол хоол. Нөхөр тань ямар орчинд юу идэж өссөн. Та өөрөө юу иддэг гэдгээ сайн мэдэх ёстой.
Хүнийг ойлгож харьцах хэрэгтэй. Эмэгтэйчүүд мэдрэмжтэй ч дасан зохицохдоо удаан. Эрчүүд урам зориг хүсдэг, түргэн бүх зүйлийг нэг амиар хийчих гээд байдаг. Ийм ялгаатай хоёр хүн сууж байгаа шүү дээ. Гол зохицуулагч нь эхнэр. Харьцах хүнээ таньж, аргаа ойлгож бэлдэх хэрэгтэй. Нэгнээ маш сайн мэдэж байж гэрлэх хэрэгтэй.
Гэр бүл болоход энэ гурвыг заавал мэдэж байх ёстой.
Энэ гурвыг тэгш авч явна. Аль нэгийг нь хэтрүүлж болохгүй. Дутааж болохгүй. Үүний тэнцвэрийг эхнэр зохицуулна. Энэ гурав тэнцвэртэй байж тогтвортой гэр бүл бий болно.
-Эрэгтэй хүн гэр бүлд ямар үүрэгтэй вэ. Ихэнх хүмүүст гэр бүлээ эрэгтэй нь авч явах ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ талаар таны бодол.
-Дээр үед эмэгтэй хүнд нийгмийн дарлал байсан. Харин гэр бүлдээ тэгш харилцаатай байсан. Эр эм хүний биеийн хүч чадалтай холбоотойгоор гадна ажлыг эр, дотор ажлыг эм гэж зохицон амьдардаг байсан. Орчин үед залуу гэр бүлд гаднах ажлыг эмэгтэй хүн ч хийдэг болчихсон. Тэгэхээр эрэгтэй хүн дотор ажлыг ч хийж чаддаг байх ёстой болж байна. Одоогоос 150 жилийн өмнө Америкийн эрдэмтэн Морган гэж гэр бүл судлаач Индиан гэр бүлийг судалсан. “Жинхэнэ гэр бүл хайр дурлалаар амьдарна гэдэг бол эмэгтэйчүүд эрчүүдийн эдийн засгийн хараанаас гарсан үед биелэгдэх зүйл” гэж захисан. Одоо л ардчиллын энэ нийгэмд хэрэгжиж эхэлж байна. Эрчүүд харилцаандаа “Би амьдралаа түшилцэж яваа хүн учир ажлын талыг хийх ёстой” гэдэг сэтгэлээр хандах ёстой.
21-р зуун бол эмэгтэйчүүдийн зуун. Эрчүүд эмэгтэйчүүдээсээ хоцрохгүй явах хэрэгтэй. Эдийн засгийн байдал, боловсролын түвшин, авьяас сонирхлоо хоорондоо зохицуулж амьдрах хэрэгтэй. Амьдарч байгаа нь энэ гурвыг сайтар анхаар. Амьдрах гэж байгаа нь энэ гурвыг урьдчилан тооцоол.
Монголд гэр бүлийн чанга хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй. Гэр бүлийн арваад хэлбэр байна. Хос гэр бүлд тулгуурласан хатуу хууль хэрэгтэй байна. Маш сайн бодлого боловсруулж байж хууль хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж гэр бүлээс гадуурх харилцаа, салалтын тоог бууруулна.
-Гэр бүлийн харилцаанд ирэх арван жилд ямар өөрчлөлт гарах бол? Одоогийнхоос ямар ялгаатай байх бол?
-Гэр бүлийн гурван төрлийн хэлбэр зонхилох төлөвтэй байна гэж харж байна.
Хос гэр бүлээ түшиж маш сайн дэмжих л хэрэгтэй болж байна. Гэр бүлийг хөгжүүлэхэд төр улсын төсвөөс тодорхой хувь зааж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй бол гэр бүл хөгжихгүй. Мөн гэр бүлээ сайн хөгжүүлье гэвэл салбар хооронд, бүх нийтийн хамтын оролцоог хангасан цогц бодлого хэрэгтэй.
-Хүүхдийн зөв хүмүүжил гэж ямар арга барилыг хэлдэг вэ. Яаж хүмүүжүүлсэн хүүхдийг зөв хүмүүжилтэй гэж тодорхойлох вэ?
-Үр хүүхдийн хүмүүжлийн асуудалд төр анхаарах хэрэгтэй. Эх эцгийн сурган хүмүүжүүлэх мэдлэгийг эрс нэмэгдүүлмээр байна. Учир нь орчин үеийн ардчилсан нийгмийн хүүхдүүдийг социализмын үеийн хүмүүс хүмүүжүүлэхэд хоёр үеийн хооронд зөрчил гарч байна. Энд тэнд сургалтын төв, төрийн бус байгууллагууд хүүхэд хүмүүжлийн талаар тус тусдаа өөр өөр юм яриад л. Амтай болгон л ингэж хөгжүүл, хүүхдээ ийм ч сургалтад суулга гэх мэт хүүхдийн хүмүүжлийг заадаг болчихсон. Үүнийг улсын хэмжээнд компанит ажил болгож мэргэжлийн хүмүүс хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хүүхэд нь хөгжөөд байдаг. Эцэг эх нь хэвэндээ байгаад байгаа учир зөрчил гарч байна. Уламжлалаас дэвшилтэт хүмүүжлийн аргыг орчин үед яаж хослуулах вэ гэдгийг эрдэмтэн судлаачид хийх хэрэгтэй.
Хүүхэд нэг эцэг эхээс төрдөг ч өөр өөр зан араншин ялгаатай төрдөг. Хүүхдийн төрөлтийн эрэмбээр нь таних боломжтой. Төрөлтийн эрэмбээр таван төрлийн хүүхэд байна.
Ууган хүүхэд бүрэн хайранд өссөн учраас их дураараа. Амьдралд гэр бүл болохоороо бусдыг захирах төрөлхийн араншин нь илэрдэг. Тиймээс үүнийгээ ойлгож хань, үр хүүхдээ сонсдог байх хэрэгтэй.
Ядуу ч байсан айлын хүүхэд хэр хэмжээгээрээ дутах зүйлгүй өсдөг. Сүүлийн үед залуу гэр бүлүүд ганц хүүхэдтэй байхад болно гэсэн хандлагатай байна. Залуу гэр бүлүүд минь битгий ганц хүүхэдтэй байгаарай. Гурав дөрөв биш юм аа гэхэд дор хаяж хоёр хүүхэдтэй болоорой. Ганц хүүхдэд ах дүүгийн дэмжлэг, түлхэц байхгүй. Аав ээж нь харьцахгүй бол тэгээд л ганцаараа. Хэнтэй ч харьцахгүй.
Тавиул хүүхэд. Хүүхэд төрүүлчхээд гадагшаа явчихсан. Эмээ өвөө нь өсгөж байгаа хүүхдийг ингэж нэрлэж байна. Тавиул хүүхэд ч бас их хайранд өсчихсөн. Эрх дураараа байдаг. Эцэг эх нь ирээд хүүхдээ өөрсдөө өсгөх болоход эмээгийн хүмүүжил, ээж аавын мэдэхгүй байдал хоорондоо зөрчилддөг.
Төгсгөлд нь залуучууддаа хэлэхэд сэтгэлээ зөв барьж, харилцаандаа тэвчээртэй ханд. Битгий тэрсэлд. Уламжлалаасаа сайн зүйлийг нь тархиндаа шингээж үлдээгээрэй. Удмаа авч үлдэхийг л хичээгээрэй. Ходоод руугаа юу орж байгаад анхаараарай.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.urug.mn