Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслалцаа үзүүлэх, тэднийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны тухай ШШЕГ-ын ЗУГ-ын Хүний нөөцийн хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч М.Баяржаргалтай ярилцлаа.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвийн нэг салбар танайд байдаг. Энэ төвийн тухай танилцуулахгүй юу?
Тус газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд нарын хамтарсан 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслалцаа үзүүлэх, тэднийг хамгаалах” зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн харьяа харгалзахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд танай төвөөр хичнээн иргэн үйлчилгээ авсан бэ?
Нэг цэгийн үйлчилгээний төв нь 2010-2024 оны 2 дугаар сар хүртэл нийт 1578 иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж болон сэтгэл зүйн зөвлөгөө, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан.
Хохирогчдод ямар төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ? Сая харахад хэд хэдэн онцлох тоног, төхөөрөмж харагдлаа. Үүгээр үйлчлүүлэгчид сэтгэл санааны тогтворгүй байдал, бусад шинж тэмдгийг мэдэх боломжтой юу?
Манай төв нь гэр бүлийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогч, түүний бага насны хүүхдийг түр хугацаанд байрлуулан тэдэнд эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлэхээс гадна сэтгэл зүй, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх хүрээнд стресс, нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын үед сэтгэл зүйн зөвлөгөөтэй хослуулан хэрэглэх Альфа-стим аппарат, хүчирхийллийг даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүдийн айдастайгаа нүүр тулах, стресс тайлах, өмнө тохиолдож байсан таагүй дурсамжийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Virtual reality буюу VR төхөөрөмжийг ашиглаж байна.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний талаар хэр их мэдээлэлтэй байна вэ?
Өмнөх жилүүдтэй харьцуулахад түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвийн мэдээлэл харьцангуй нэмэгдэж байгаа.
Чиний хувьд хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлсний дараагаар тухайн үйлчлүүлэгчийг ямар байгууллагад шилжүүлж бусад шатны үйлчилгээг үзүүлдэг вэ?
Нэг цэгийн үйлчилгээ нь бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогч, хамгаалтанд авах шаардлагатай иргэдийг түр хамгаалалтад авч анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж үзүүлж холбогдох байгууллагад /107, 108, дүүргийн цагдаагийн хэлтэс, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс / хандан холбон зуучилж ажилладаг.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд хүчирхийллийн ямар хэлбэрт өртсөн байна? Насаар ангилбал
Гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид бие махбод, сэтгэл санаа, бэлгийн, үл хайхрах, эдийн засгийн зэрэг хүчирхийлэлд өртсөн байдаг.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийг хүчирхийллийн хэлбэр, насны байдлаас ангилбал: бэлгийн хүчирхийллийн хохирогчдын 50% нь 2-17 насны хүүхэд, 13% нь 19-55 насны насанд хүрэгч, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 10% нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 22% нь насанд хүрэгч байна. Үүнээс харахад бэлгийн хүчирхийллийн хохирогч насанд хүрээгүй хүүхдүүд болж байна.
Цаашид нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулахад юун дээр анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага байна вэ?
Нэг цэгийн үйлчилгээний төвийн шаардлагатай мэргэжилтний орон тоог нэмэгдүүлж, багаар ажиллах санхүүжилтийг төсөвт суулгах хэрэгцээ шаардлага байна.
Та бүхэн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэхдээ юун дээр түлхүү анхаарч ажилладаг вэ?
Үйлчлүүлэгчдийнхээ тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, тэдний нэр төрийг хамгаалах, нууцлалыг хангах, сэтгэл зүйн байдлыг анхаарч цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.