Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт байдаг уу? Хэрэв байдаг бол ямар хэлбэрээр явагддаг тухай бид 11-р ангийн сурагч эмэгтэй Г.Н-тэй ярилцлаа. Сургууль, нэрийг нууцалсан болно.
-Манай урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Чиний эргэн тойронд үе тэнгийн дээрэлхэлт байдаг уу? Хэрэв тийм бол ямар хэлбэрээр явагддаг вэ?
-Манай сургуульд үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж би бодож байна. Биед нь халдах буюу нэгнээ зодож гэмтээж дээрэлхэх бус үг хэлээр гутаан доромжлох байдлаар үйлдэгддэг. Би 11-р ангийн сурагч. Хоёр жилийн өмнө манай анги нэг хүүхдээ ангиараа гадуурхаж байсан. Тухайн дээрэлхүүлж байсан хүүхэд маань сургуулийн нийгмийн ажилтантай уулзаж асуудлаа шийдүүлсэн ч сургуулиас шилжсэн. Миний хувьд сургуулийн орчинд охид дээрэлхэлтийг хамгийн их үйлддэг юм шиг санагддаг. Хэсэг бүлгээрээ нийлж фракц болоод бусад охидыг дээрэлхдэг.
-Чи дээрэлхэлтэд өртөж байсан уу?
-Би дээрэлхэлтэд өртөж байсан. Тэр үед би дунд ангид байсан. Манай ангийн хичээлдээ сайн хүүхдүүд, хичээлдээ муу хүүхдүүдээ ялгаварлан гадуурхаж дээрэлхдэг байсан. Тухайн үед багш багаар ажиллах даалгавар өгөөд хүүхдүүд намайг хичээлдээ муу гэдэг шалтгаанаар ялгаварлаж байсан. Тэр нь надад сэтгэл зүйн дарамтыг үүсгэж байсан. Үүний дараа ахлах ангид ороход хорт зуршилтай хүүхэд, хорт зуршилгүй хүүхдүүд гэж ангилагдаж нэгнээ дээрэлхдэг болсон. Хорт зуршилтай хүүхдүүд, хорт зуршилгүй хүүхэдтэй найзлахаасаа зайлсхийдэг. Учир нь багш, сургуулийн удирдлагуудад хорт зуршлынх нь тухай мэдэгдчих вий гэдгээс болгоомжилж нэгнээ гадуурхаж, үг хэлээр доромжилж дээрэлхдэг болсон.
-Дээрэлхэлтэд өртөж байгаа тухайгаа сургуулийн багш, удирдлагууддаа хэлж байсан уу?
-Багшдаа хэлж байгаагүй, тухайн үед дээрэлхэлтэд өртөж байгаагаа мэдээд ээждээ ярьдаг байсан. Охин нь гологдмол юм байна гээд уйлж байсан. Сургуулийн орчинд охидын дунд дээрэлхэлт их байдаг учраас түүнээс болоод би эмэгтэй найзгүй. Учир нь тэд бусдыг өмссөн зүүснээр нь гадаад үзэмжээр ялгаварлан дээрэлхдэг. Одоо дандаа эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг.
-Дээрэлхэлтийн тухай яагаад багш, сургуулийн удирдлагууддаа хэлээгүй вэ?
-Миний бодлоор ангийн багш дээрэлхэлтийг сэдэлжүүлдэг юм шиг санагддаг. Би өөрт тохиолдсон явдлаараа жишээ авч тайлбарлая. Би хичээлдээ идэвхтэй хүүхэд байсан. Багш шинэ хичээл заагаад самбар дээр тайлбарлаж өгөх үеэр гараа өргөөд багшаасаа ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар асуудаг. Гэвч багш намайг чи хэтэрхий их хичээмтгий юм. Хичээлээс гадна хэрэгтэй хэрэггүй юманд оролцдог нь нийгмийн гажуудал гэж загнасан. Уг нь би хүүхдийн оролцооны байгууллагад идэвхтэй явдаг. Багшийн тэр хандлага, нийгмийн гажуудал гэж хэлсэн үгнээс болоод ангийн хүүхдүүд маань намайг нийгмийн гажуудал гэж хочилж, гадуурхах болсон. Үүнээс хойш би хичээл дээр багшаас юм асуухаа больсон. Дахиад л загнуулна, дахиад л гадуурхагдана гэж бодоод дуугай л байдаг. Ийм учраас дээрэлхэлт, гадуурхалтын тухай багшдаа хэлдэггүй.Намайг ойлгохгүй байх гэж бодоод.
-Сүүлийн үед цахим дээрэлхэлтийн тухай хүүхдүүд ярих болжээ. Энэ тухай чи мэдэх үү?
-Нэг удаа манай найзын утсанд мессеж ирээд бид хоёр түүнийг нээгээд уншсан. Бичсэн зүйлийнх нь эхлэл хэсэгт чи хөөрхөн шүү, чамайг крашилдаг шүү гэх утгатай юм бичсэн байснаа төгсгөл хэсэгт нь -За тоглосон юм аа гээд хараалын үг... “Чи зүгээр үхчихэж болохгүй юу” гэдэг үг байсан. Түүнийг уншаад манай найз хоёр цаг бусадтай үг дуугараагүй, гөлийчихсөн. Манай найзад тэр үг хүнд туссан. Яг үүн шиг хэнээс гэдэг нь тодорхойгүй хаягаас хүнийг хэл амаар доромжлох, хараах, гадаад үзэмжээр, өмссөн зүүснээр нь гадуурхаж дээрэлхдэг. Үүнийг л цахим дээрэлхэлт гэх болов уу.
-Чи дээрэлхэлтийг таслан зогсоож байсан уу?
-Би саяхныг хүртэл сургуульдаа “Өсвөрийн сэргийлэгч” байсан. Тэр үедээ үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдэгдэж байсан. Миний бодлоор дээрэлхүүлж байгаа хүүхдүүд тэр тухайгаа эцэг эх, багш, сургуулийн удирдлагуудад хэлж шийдвэрлүүлэхээс илүүтэй сургуулиас шилжчихдэг. Асуудлыг шийдэх бус зүгээр л зайлсхийгээд шилждэг юм шиг санагддаг. Үүнээс болж дээрэлхэлт зогсохгүй улам л хүчээ авдаг. Дээрэлхдэг хүүхдүүд хүртэл бид биш тэд сургуулиа сольж шилжинэ гэсэн хандлагатай болсон байдаг.
-Цаашид үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд сурагчид юу хийх ёстой вэ? Багш, эцэг эхчүүд юуг анхаарах ёстой санагдаж байна?
-Хамгийн түрүүнд эцэг эхчүүдийг хүүхдүүдээ сонсдог байгаач ээ гэж хэлмээр байна. Ахлах ангийн сурагч том болсон, өөрийгөө аваад явчихна, асуудлаа өөрөө шийдчихнэ гэх зэргээр ханддаг байдлаа болиосой л гэж хүсдэг. Хүүхдүүд өөрт тохиолдсон асуудлаа эцэг, эхдээ хэлж ярилцах гэхээр үл тоож, хүлээн зөвшөөрдөггүй. Түүний оронд нэг ч гэсэн удаа хүлээцтэй хандаж тэд юу ярьж, яагаад байна вэ гэдгийг анзаараасай гэж хүсмээр байна.
Сургуулийн тухайд, манай сургуулийн нийгмийн ажилтан, захирал маш гоё хүмүүс байдаг. Сурагчидтай нээлттэй ярилцдаг. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шуурхай арга хэмжээ авч чаддаг учраас бид бас айж болгоомжлох зүйлгүй тэдэнтэй илэн далангүй ярилцаж чаддаг. Бусад сургуулийн нийгмийн ажилтан, захирлуудыг ч гэсэн тийм байгаасай л гэж хүсэж байна. Тэгвэл дээрэлхэлт буурах болов уу.
-Ярилцсанд баярлалаа.