Цаг үеийн олон нийтийн анхаарал татсан сэдэвтэй холбогдуулан Familycenter.mn энэ удаагийн зөвлөгөө нийтлэлээр “цахим хүчирхийлэл ба хүүхдийн аюулгүй байдал”-ын талаар цогц мэдээллийг өгөхөөр бэлтгэлээ.
Иргэн А нь фэйсбүүкийн хуурамч аккаунт үүсгэн, өсвөр насны 84 охинтой танилцан харилцаа тогтоож, тухайн охидыг сүрдүүлэх, ятгах, гуйх зэрэг байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж, тухайн дүрс бичлэгийг нь олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлж, барьцаалж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг энэ дөрөвдүгээр сард Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байгаа аж. Улсын хэмжээнд энэ төрлийн цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2015-2021 онд 101 бүртгэгдсэн байдаг бөгөөд бүртгэгдсэн тоон мэдээллийг харвал жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
Цахим технологийн хөгжил, нийгэм цаг үеийн байдал, эдийн засгийн хямрал болон эцэг эхчүүдийн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамж сул, хүүхдийнхээ юу хийж хэнтэй нөхөрлөж байгаад санаа тавьдаггүй, гэр бүлийн хүрээнд архидалт хавтгайрсан, гэр бүл салалт нэмэгдсэн, гэрлэлт цуцлалтын дараа хүүхдээ асрамжилж байгаа эцэг эх болон хойд эцэг эх нь хамгаалах үүргээ биелүүлдэггүй зэрэг шалтгааны улмаас бага, өсвөр насны хүүхэд сэтгэл санааны болон бие махбодоороо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, мэдлэг, анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн онцлон анхааруулсан юм.
Статистик: Яагаад цахим орчинд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах ёстой вэ?
Цахим орчин дахь дээрэлхэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хүргэж байна.
Цахим орчинд хүчирхийлэл дарамт үйлдэх нь бодит ертөнц дэх дээрэлхэлтээс илүү хялбархан байдаг. Учир нь цаг хугацаа болон орон зайн саадгүйгээр шууд тухайн хүн рүү дайралт хийх боломжтой болгож байна. Энэ төрөл нь бусдад мэдэгдэхгүйгээр сэтгэлзүйн дарамтад оруулж байгаа хэлбэр юм. Нүдэнд үзэгдэх бие махбодын хүчирхийллийг олж харж, цаг алдалгүй эмч, эмнэлгээр эдгээж болно. Гэтэл цахим хүчирхийлэл нь нүдэнд үл үзэгдэх гэм хорыг хүмүүст бий болгодог. 2021 оны 1-р сарын байдлаар нийт Facebook хэрэглэгчдийн гурван хүн тутмын хоёр нь 34 хүртэлх насны залуус болоод хүүхдүүд байгаа аж. Тэгвэл сэтгэцийн эмгэг, өөрийн үнэлэх үнэлэмж доройтох, сэтгэл гутрал, хяналтгүй уур уцаар зэрэг сэтгэхүйн олон харамсалтай үзэгдэл сошиал медиа дээрх сөрөг үг үйлдлээс хамааран залуужиж байгааг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Цахим гадуурхал нь хүүхдийн өөрийгөө гэмтээх, амиа хорлох магадлалыг 2.3 дахин нэмэгдүүлдэг.
Цахим хүчирхийллийн хохирогчид өөрийгөө гэмтээх, амиа хорлох эрсдэлтэй байдаг. Судалгаагаар цахим гадуурхал нь хүүхдийн өөрийгөө гэмтээх, амиа хорлох магадлалыг 2.3 дахин нэмэгдүүлдэг гэжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 оны судалгаагаар жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд залуус амиа егүүтгэж байгаа нь минут тутамд 11 хүн нас барж байна гэсэн дүгнэлт гарчээ. Дэлхий нийтээр 15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж байна. Харин Монгол Улсад 2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон байдаг.
Охид хөвгүүдээс илүү цахим хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байна.
Судалгаанаас үзэхэд 3 эмэгтэй хүүхэд тутмын 1 нь дор хаяж нэг, түүнээс дээш удаа цахим хүчирхийлэлд өртсөн байдаг бол 4 эрэгтэй хүүхэд тутмын 1 нь дор хаяж нэг, түүнээс дээш удаа цахим хүчирхийлэлд өртсөн байдаг байна. Охид хөвгүүдтэй харьцуулахад илүү өндөр эрсдэлтэй байдаг ч цахим хүчирхийлэл нь хүйс ялгалгүй аль ч нөхцөлд тохиолдох магадлалтай тул урьдчилан сэргийлэх нь чухал.
Цахим хүчирхийлэлд өртсөн 10 хүүхэд тутмын 9 нь эцэг эх, асран хамгаалагчдаа мэдэгддэггүй.
Өдөр бүр сая, сая хүүхэд цахим орчинд заналхийлэл, сүрдүүлэг хүлээн авдаг ч үүнээс ердөө 10 хувь нь л эцэг эх, асран хамгаалагч, багш эсвэл эрх мэдэл бүхий насанд хүрэгчдэд мэдэгддэг, 90 хувь нь огт мэдэгддэггүй байна. Цахим хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх олонх нь чимээгүй байж, нуун дарагдуулснаар дунджаар сар болон түүнээс дээш хугацаанд дээрэлхэгчид дээрэлхэх боломжийг нь бүрдүүлдэг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ энэ төрлийн эрсдэлийг урьдчилан танилцуулж, асуудал үүссэн нөхцөлд нээлттэй ярилцах хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай.
Зөвлөмж: Цахим хүчирхийллээс сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээ
-Та хүүхдэдээ болзошгүй эрсдэлийг танилцуулж, цахим хүчирхийлэл нь нээлттэй ярилцах ёстой сэдэв мөн гэдгийг ойлгуулах.
-Тэрхүү цахим хүчирхийлэл үйлдэгчийн талаар тухайн вэб сайт, цахим сүлжээний админд мэдэгдэх, нэр, зүсээ өөрчилсөн тохиолдол бүрд дахин вэб сайт, цахим сүлжээний админд мэдэгдэх.
-Цахим хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэгдэл хариу бичихгүй байх, үл тоох.
-Тэрхүү цахим хүчирхийлэл үйлдэгчийг блоклох, дагахаа болих, мэдээлэл хүлээн авахаа болих тохируулгыг хийх. Хэрэв нэр, зүсээ өөрчилж дахин гарч ирвэл, блоклох, дагаа болих, мэдээлэл хүлээн авахаа болих үйлдлээ дахин давтаарай.
-Цахим хүчирхийлэлд өртөгч буюу хохирогчийг хамгаалах ёстойг ойлгуулаарай. Ингэхдээ хүчирхийлэл үйлдэгчийг “алдаршуулах”-гүйгээр, тэрхүү зүй бус үйлдэлтэй нь тэмцэх хэрэгтэй юм.
-Боломжтой бол, цахим орчны аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой өдөр, цагт цахим сүлжээнээс гарч байх. Шөнө орондоо орохдоо төхөөрөмжөө унтраах зэргээр танд “хүрэх” нөхцөлийг багасгах хэрэгтэй.
Хууль эрх зүй
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бүх төрлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг болно. Иймд цахим орчинд ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буйг тодорхойлох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “заналхийлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Заналхийлэх гэдэгт бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хамаарна. Мөн 13.8 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах” үйлдлийг, 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах”, 13.12 дугаар зүйлд “Хууль бусаар мөрдөж мөшгих”, 14.1 дүгээр зүйлд “Ялгаварлан гадуурхах”, 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” үйлдлийг тус тус гэмт хэрэг гэж тооцсон. Иймд цахим хүчирхийллийн төрөл, үр дагавраас хамааран дээр дурдсан гэмт хэргийн аль нь болохыг тодорхойлж, өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Түүнчлэн, цахим хүчирхийллийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Сорил: “Хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлын чадварыг дараах сорилоор үнэлээрэй”