Familycenter.mn мэргэжилтний ярилцлага цувралын энэ удаагийн зочноор эрх зүйч Б.Болорсайханыг урьж ярилцлаа.
- Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ, ямар төрлийн хүчирхийлэл түгээмэл байна гэж харж байна вэ?
- Монгол Улсад хийсэн Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаанаас (2017)хүчирхийллийн нөхцөл байдал ямар байгааг тоймлон авч үзье. Судалгаанаас харвал хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 60 орчим хувь буюу 10 эмэгтэй тутмын 6 нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрээс аль нэгд нь юм уу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд амьдралдаа өртсөн байна. Мөн тэдний 30 гаруй хувь буюу 10 эмэгтэй тутмын 3 нь бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртсөн байж. Үүний зэрэгцээ хамтрагч бус этгээд буюу бусдын үйлдсэн хүчирхийлэл залуучуудын дунд түгээмэл. Тэр дундаа 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 20 орчим хувь буюу 5 эмэгтэй тутмын 1 нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд амьдралдаа өртсөн бол 5 хувь буюу 20 эмэгтэй тутмын 1 нь сүүлийн 12 сард уг хүчирхийлэлд өртсөн талаар судалгаанд оролцогчид хариулжээ.
Үндсэндээ 10 эмэгтэй тутмын 1 нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн бол нийгэм, эдийн засгийн статусаас үл хамааран 4 эмэгтэй тутмын 1 нь “хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь цохиж, зодож болно” гэдэгтэй санал нийлжээ.
Мөн 2020 оны Залуучуудын санал бодлын судалгаагаар залуучууд ч гэр бүлийн хүчирхийлэл бол өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Манай улсад анх удаа хийсэн “Дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо” судалгаанаас харахад манай улсад охид, эмэгтэйчүүд хүчирхийлүүлснээр 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар) өртөг гарч, эх оронд маань нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол, сөрөг үр дагавар учирсан байна. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүний алдагдсан орлого 18.5 тэрбум, хувь хүнээс гарсан зардал 6.5 тэрбум, цалин хөлсгүйгээр ажилладаг өрхийн аж ахуй, асаргааны ажлын алдагдал 11.2 тэрбум, эс үйлдэхүйгээс үүдэлтэй хохирол 577 тэрбум төгрөг байв.
Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ, ямар үр дагавартай байсан талаарх тайланд сайтар анхаарч, хуулийг чанд нэг мөр хэрэгжүүлэх ёстой хэмээн цохон тэмдэглэсэн байгааг хоёр жил тутмын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулах илтгэлд нөхцөл байдал өдрөөс өдөрт газар авч байгаа дүр зураг байна. Гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээнээс шүүж харвал хань ижил, хамтран амьдрагчийн дундаас хамгийн ихээр хүчирхийлдэг, хэлбэрийн хувьд биеийн болон сэтгэл санааны хэлбэр зонхилдог.
- Гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн таньж мэдэх вэ?
- Тантай хамт нэг дээвэр дор амьдарч байгаа хүн өмнө нь ямар нэгэн түрэмгий, хэрцгий, зэрлэгээр бусадтай харьцаж байсан, таны мэдрэмж, хил заагийг хүндлэхгүй, танд итгэдэггүй, атаархдаг, хүмүүстэй харилцахад дургүй, танд таагүй санагдах нөхцөл байдал үүсгэж, заримдаа хүч хэрэглэдэг, эсвэл анхиагүй, арчаагүй хэмээн гутаадаг бол хань болох, хамт амьдрах хүн биш хэмээн баримжаалаарай. Үүнийг хүч хэрэглэх эрсдэлтэй этгээдэд илэрдэг шинж тэмдэг гэж болно. Гэхдээ үүгээр хязгаарлаж болохгүй.
Гол төлөв ямар байдлаар илэрч байгааг хүмүүсийн харилцаанаасаа харж болно. Хүчирхийлэгч ширүүн уур амьсгал үүсгэж, уурсах бол нөгөө талд зөөлрүүлэхээр хичээнэ. Хүчирхийлэл бие махбод, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гээд ямар ч хэлбэрээр, хугацаа хамаарахгүй үргэлжлэх боломжтой. Нийлсэн цагаас хойш ч байж магад, эсвэл саяхан гэж хариулж ч мэднэ. Араас нь хүчирхийлэгч өөрийгөө буруутган, давхар хайртайгаа илэрхийлнэ. Өөрийн бурууг ухсан, ойлгосон, архи гэх мэт элдэв зүйлд бурууг өгсөн, нэг бол тухайн хохирогчийн тодорхой ааш, маяг, занг ч буруушааж хамаагүй уучлахыг хүснэ. Дахин хүч хэрэглэхгүй хэмээн амлана. Тодорхой хугацааны дараа уур амьсгал ширүүснэ. Эдгээр алхмыг эргээд харвал эцэс төгсгөлгүй гинжин холбоос шиг.
Жишээлбэл, охин гэртээ ирээд, тэтгэврийн насны эцэг эхээсээ мөнгө нэхэж, өөрийн амьдрал хэцүү байгааг ярихын хажуугаар тэтгэврийн данс бүхий картыг аваад явах нь ХҮЧИРХИЙЛЭЛ МӨН. Хамтран амьдрагчийнхаа өмчийг өөр дээрээ шилжүүлэх, бизнест нь саад болох, олсон орлогыг хураах хүртэл ХҮЧИРХИЙЛЭЛ МӨН. Түүнчлэн өөртөө итгэх итгэлгүй болгох, муулах, гүтгэх, төрүүлсэн, үрчлэн авсан хүүхдээ үл хайхрах, гэр бүлээ цуцалсан хань ижлээ мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах ч ХҮЧИРХИЙЛЭЛ МӨН. Сүүдрэвчид даалуу тоглох хүсэлтэй хөгшнийг болиулах, сувилалд явахыг хориглож, гэртээ байлгаж байгаа нь ХҮЧИРХИЙЛЭЛ МӨН. Иймээс хүчирхийлэл маш олон хэлбэртэй, янз бүрийн байдлаар илэрдэг.
- Таны бодлоор гэр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж боддог вэ? Онцлох 3 санааг дурдвал...
- Хүчирхийлэгч хүн эхээс төрдөг гэж би хувьдаа боддоггүй. Харин нийгэм, харилцаа, төрж өссөн, амьдран байгаа газар, орчин хүнийг хүчирхийлэгч болоход нөлөөлдөг гэж бодож байна. Иймээс хувь хүнд чиглэсэн, хамт олонд чиглэсэн ойрын, дунд, урт хугацааны арга хэмжээ цогцоор авах ёстой.
Нэгдүгээрт, олуулаа цахимаар нэгдэцгээе. Зургаагийн тойрог (https://www.circleof6app.com/) гэсэн апп байдаг. Хүн бүрд зориулсан хаана ч ашиглаж болох гар утасны апп, гол санаа нь итгэл даахуйц, сайн найз 6 хүнийг сонгож, шууд зурвас илгээх, залгах, нэг бол GPS-ээр байршлаа харуулах үйлдэлтэй, тусламжийн утас руу ч холбох боломжтой. Англи хэл дээр ашиглах боломжгүй хүмүүст зориулан, монгол хэлээр хөгжүүлж ч болох юм.
Хоёрдугаарт, цэцэрлэг, сургуульд харилцааны ур чадварыг хичээлээс гадуурх үйл ажиллагаа байдлаар түлхүү оруулъя. Хүүхдийн мэдрэмжийн талаар таниулах, өсвөр насныханд сэтгэл хөдлөлөө удирдан чиглүүлэх, залуучуудад нийгэм-сэтгэл хөдлөлийн харилцааг заах хөтөлбөр, хосуудад зориулсан эрүүл харилцааны хөтөлбөр хөгжүүлэх, цэцэрлэгийн зүгээс эцэг эхийг татан оролцуулах, эцэг эх байх чадварт сургах, сургуулийн уур амьсгалыг үе тэнгийн хүчирхийлэл, дарамт, шахалтгүй нөхцөлд эрүүл, аюулгүй, шударга байхад хүн нэг бүрийг татан оролцуулах байдлаар ажилламаар санагддаг.
Гуравдугаарт, хүчирхийлэлтэй тэмцэх нь бизнест тустай, ашигтай. Өмнө ярьсан хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоон дээрээс хүчирхийлэлд өртсөн хохирогч эрүүл мэндийн зардал, нийгмийн үйлчилгээний зардал, гэрлэлт цуцлах зардал буурахаас гадна алдагдсан орлого, өрхийн үйлдвэрлэл, асаргаа халамжийн, цаашилбал ажиллаж орлого олох байсан хүн/өдөр багасахгүй, өрхөөс эхлэн дотоодын зах зээлд үүсэх, олох орлого, ашиг нэмэгдэх давуу талтай.
- Би хүчирхийлэлд өртөөд байдаг, өртөж байгаагаа мэддэг ч таслан зогсоож чаддаггүй, тухайн гэр бүл дэх Стокгольмын синдромтой хүн байлаа гэж бодъё. Өөрийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ?
- Үүнийг амьтны амьд үлдэх зөнтэй холбож харах хэрэгтэй байх. Хүнийг хүчээр хорьсон, цагдсан, богтолсон, хулгайлсан, хүчирхийлсэн нөхцөл байдлаас үүдэн, хохирогч амьд үлдэхийн тулд хүчирхийлэгч этгээдтэй ойр, эерэг холбоо тогтоох тохиолдол байдаг. Шведийн нийслэл Стокольм хотод 1970-аад онд банк дээрэмдэхэд барьцаанд орсон хүмүүс дээрэмчдийг хамгаалж, цагдааг буруушааж байсан тохиолдлоос үүдэлтэй нэрлэсэн ч эртний шинжтэй нийгмийн харилцаа гэж болно.
Соёлын талаас харвал ардын аман зохиолын төдийгүй цөөнгүй дэлгэцийн бүтээл байдаг. Тив харгалзахгүй олон ард түмний дунд араатан, нэг бол зүсээ хувилгадаг амраг эсвэл хараалд өртсөн хань ижилтэй учирсан, эрхшээлдээ оруулсан хосын домог өргөн тархсан. Хунгийн дээлээ алдсан Хурмастын гүнж, хундагач болгохоор Зевс хулгайлсан ханхүү, мангаст хувирсан хараалт хунтайж, араатны ордонд амьдрах гоо охин, хартай нөхрийн эрхшээлд хэнтэй ч харьцахаа болсон эхнэр, харгалзагч сайхан харьцахад сэтгэл алдрах дөхдөг эмэгтэй, нүүдэлчдийн дундах богтолсон, хүчээр хулгайлсан сүйт бүсгүй зэрэг эртний, одоогийн гэдгээс үл хамааран эрхшээлд орсон байх гэдэг нэг нөхцөл бий.
Уолт Диснейн “Үзэсгэлэнт охин, араатан хоёр” хүүхэлдэйн кино, сүүлд гарсан шинэ хувилбар ч хүмүүс сайн мэдэх жишээ. Үүний зэрэгцээ Аль Пачиногийн “Аагим өдрийн үдээс хойш” (Dog Day Afternoon), Жулия Робертсын “Атаатантайгаа амьдарсан нь” (Sleeping with the Enemy), Натали Портманы “V гэж цусан өшөөг хэлнэ” (V for Vendetta), сүүлд Netflix-д орсон Испанийн “Цаасан байшин” (Money Heist), “365 өдөр” гэх мэт кинонд Стокольмын синдромын зарим явц, шинж тэмдэг илэрдэг тул үзэхэд гэмгүй.
Хохирогчдын нийтлэг мэдрэмж нь тусгаарлагдсан, амь амьдралаараа бусдын гарт орсон, зугтах боломжгүй байсан, заримдаа сайн хандуулж, халамжлуулсан байдаг. Тодруулбал, нэг талд эрхшээлдээ оруулсан этгээд нөгөө талд барьцаанд орсон тал байна гэсэн үг. Ийнхүү сэтгэл санаа тогтворгүй, тодорхойгүй үед хүчирхийлэгчээс үзүүлэх, харуулах өчүүхэн төдий эсвэл хуурмаг тал зассан, энхрийлсэн, дотно хандсан, холбоо тогтоосон үед хохирогч огт танихгүй хүнийг ч сайнаар харж боддог.
Дараах асуултаас нэгэнд нь л "тийм " гэж хариулсан тохиолдолд та хүчирхийллийн харилцаанд байна гэж ойлгож дотно харилцаагаа эргэцүүлээрэй.
Үүний мөрөөр даруй өмгөөлөгч, цагдаа, сэтгэл зүйч гэсэн мэргэжлийн хүнтэй зөвлөх, туслуулах, тэднийг мэдэхгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчийн зөвлөгөө, туслалцааг #Familycentermn-ээс үнэ төлбөргүй аваарай. Мөн амьдарч байгаа газрынхаа хариуцсан “хамтарсан баг”, “нэг цэгийн үйлчилгээ”, “тусламжийн утас”-ыг мэдэж аваарай гэж зөвлөнө.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.